Saturday, August 29, 2009

Хүүхдийн хүмүүжил өнөөдөр

Аливаа улс үндэстний хөгжлийн түвшинг тодорхойлоход эдийн засгийн өсөлт, шинжлэх ухаан, техник технологийн ололтыг нь дэлхийн хэмжээнд харьцуулалт хийж үнэлдэг бол гучаас тавин жилийн дараах тэрхүү улсын нүүр царайг нь хүүхдүүд өсвөр үеийхнийх нь хүмүүжлийн байдлаар нь тодорхойлдог. Тиймдээч орчин үед дэлхий нийтийн хөгжлийн бодлого түүний хандлага нь залуу үе рүүгээ хандсан байдалтай байна. Гэтэл монголын хувьд өнөөдрөө аргацааж байвал болоо гэсэн сэтгэлгээгээр маргааш гэдэг өдрийг мартсан байдалтай байна. Үнэхээр ч санхүү эдийн засгийн хямрал, ядуудал, ажилгүйдэл, хог хаягдал, агаарын бохирдол гэх мэт толгой өвтгөсөн эхний ээлжинд шийдвэрлэхүйц асуудлууд ар араасаа, шил шилээ даран очерлож байхад энэ хүүхдийн хүмүүжил гэдэг хоёрдогч эгнээний асуудлыг хэлэлцэх арай ч болоогүй байгаа ч юм шиг ...

Гэхдээ бид энэхүү сэдвийг хөндөхгүй байхын аргагүй байдалд аль хэдийнээ орчихжээ. Тиймээс яагаад ийм байдалд орсон талаар багахан санааг энд сийрүүллээ. Үүнд:

· Эртний монголчуудын уламжлалт зан заншилд хүүхдийг хэрхэн хүмүүжүүлдэг байсан талаар

· Барууны оронд өсвөр үеийхэн хэрхэн хүмүүждэг талаар

Нүүдэлчин удамт хэмээх монголчууд ...

Бидний өвөг дээдэсийн амьдралын хэв маяг нь өөрөө гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бий болгодог байсан бөгөөд хорин дөрвөн цагийн турш халуун ам бүлээрээ аж төрж амьдаран суудаг байж. Мөн хүүхдийг

Балчир ахуй насанд нь хаан мэт

Өсөх хонгор насанд нь зарц мэт

Ухаан суух насанд нь нөхөр мэт өсгө гэсэн зарчмаар хүмүүжүүдэг байсан нь амьдралын шат бүрт нь өөр өөр арга барилыг ашигла гэсэн цаад санааг агуулж байдаг. Энэ нь

Оюун хөгжүүлэх оньсон тоглоом дунд өсгө сэргэлэн болно

Ажил хөдөлмөр, бичиг ном дунд өсгө хичээнгүй болно

Амьдралын үнэн, муу санаа, хайр дурлал (бэлгийн боловсрол)-г ойлгуул даруу болно гэсэн үг юм.

Мэдээж энэ насны хүүхдүүд бүгдийг л өөрийн хүссэнээр байлгахыг хүсдэг, үгүй бол уйлдаг. Дөнгөж хэлд ороод хүрээлэн буй орчноо танин мэдэх туйлын хүслээр дүүрэн байхад нь тэрхүү асаж буй эрмэлзэл дээр нь тос нэмэх мэт дэмжиж өгөөд оньсон тоглоом, ухаан сорих дасгал гэх мэтээр цаг үргэлж тархийг нь цэнэглэж өгдөг байсан юм. Үүнд бүх төрлийн шагай наадгай, төрөл бүрийн оньсон тоглоом орно.

Тусд орохын цагт гээд л хүмүүс ярьдаг үе дээр нь буюу таваас арван гурван насанд нь халамж хайрыг нь шууд бус аргаар өгч илт бөөцийлөн эрхлүүлэхээ багасгадаг ба ажил хөдөлмөрийн амтыг мэдрүүлж, оюуны хүч чадлын цар хүрээг таниулдаг байсан юм. Нэгэн хүүд эмээ нь аарц өгөхөд чихэргүй байна гээд голоод идсэнгүй тэгтэл эмэг ээж нь хүүг хониндоо яваад ир гээд явуулав. Хэсэг хугацааны дараа хүү гэртээ ирээд нөгөө аарцаа идэж байхдаа эмээ та хэзээ энэ аарц руу чихэр хийчихвээ? гээд амтархан идэж байсан гэдэг үлгэр байдаг. Үүний цаад утга нь дураараа өссөн хүүхдэд хөдөлмөр ухамсар суулгадаг гэсэн үг юм.

Хүүхэд юмны наад цаадахыг нь мэддэг болох үе буюу арван гурваас дээш насанд нь амьдралын муу муухай, шударга үйлс, буян нүгэл, атгаг санаа гэх мэтийг зааж сургадаг. Гэнэн томоогүй хүүхэд нас чамайг орхин одож байна, амьдрал гэдэг хатуу, хэцүү гэдгийг ойлгуулах нь цаашдын амьдрал нь чухал үүрэгтэй.

Хотжсон нийгэм буюу барууны орнууд ...

Хүүхдийг хэвлийд байхаас нь түүнтэй ярилцаж, намуухан хөгжим сонсгож байхыг зөвлөдөг бөгөөд эхийн хэвлийд амар тайван бойжсон хүүхэд төрсний дараа ч гэсэн биеийн эсэргүүцэл сайн, олдмол өвчлөлүүдээс хол байдаг гэдгийг шинжлэх ухаан нотлоод нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Жирэмсэн болсон цагаас эхлэн эмчийн хяналтанд байж чадвал хүндрэлгүй төрдөг ажээ.

Балчир ахуй насанд нь хүүхдийн тоглоомоор нь дамжуулж сэтгэхүй тэлэх, IQ хөгжүүлэх дасгал хийлгэх нь хамгаас чухал. Энэ бол хүүхэд хүрэлцсэн бүхнээсээ анхдагч мэдлэгээ олж авдагтай холбоотой бөгөөд эвлүүлдэг тоглоом, цээжлүүлэх дасгал, логик чанартай тоглоомууд голлох үүргийг гүйцэтгэнэ.

Шилжилтийн насанд нь яг л том хүн шиг харьцах нь хүүхдүүдэд бие дааж шийдвэр гаргаж хариуцлагаа өөрөө хүлээх дадал чадварыг суулгаж өгдөг юм. Хүн эрх эдлэх тусам үүрэг хүлээдэг, үүргээ биелүүлэхгүй бол хариуцлага хүлээдэг нийгмийн өдөр тутмын харьцааг ухамсарт нь суулгаж өгдөг.

Барууны орнууд болон эртний монголчуудын хүүхдийг хүмүүжүүлэх арга барил нь бага зэргийн ялгаатай болохоос биш ерөнхий хандлага нь ижил болохыг дээрхээс дүгнэж болно. Хотжсон нийгэмд шинжлэх ухааны ололт давамгайлсан байдалтай байдаг нь ялгаатай тал юм.

Гэтэл яагаад өнөөдрийн монголын хүүхдийн хүмүүжил эдгээрээс тэс ондоо байгаа юм бэ? Жирэмсэн эхийн эргэн тойронд маш их хэрүүл шуугиан, түүнээс болоод стрессээр өвчлөх магадлалтай байдаг. Өөрийнхөө асуудлын учрыг олохгүй байгаа хүнд бол гэдсэн дэх хүүхэд нь хамгийн эхэнд хэлсэн шиг хоёрдогч эгнээний асуудал болдог.

Төрөхийн өмнө хугацаанаас өмнө төрөх, хийсвэр хийлгэх, төрсний дараа тархины даралт, хөхний толгой хагаралт зэрэг янз бүрийн л хэцүү зүйлстэй тулгарна. Энэ бүхнийг даван туулаад хүүхэд төрлөө. Төрөөс өгдөг халамжийн хэдэн төгрөгөөр хоёр нас хүртэл санаа зовох асуудал арай бага бойждог.

Хүүхэд ийм дээрээ хөөрхөн гээд хүмүүс ярьдаг хоёроос найман насандаа юмыг хамгийн хурдан сурдаг тиймээс өссөн орчныхоо уур амьсгал, харилцааг шууд хүлээж авдаг. Яг энэ үе дээр нь мэдээллийн хэрэгслээр гэмт хэрэг, хүчирхийлэл, садар самуун сурталчилсан мэдээ, нэвтрүүлэг, киногоор бөмбөгдөж өгнө. Мөн тэдний хамгийн дуртай зүйлсийн нэг нь компьютерийн тоглоом болоод байгаа бөгөөд насны ангилал харгалзалгүй тэдгээр тоглоомыг тоглож өсч байна. Манай ээж багш хүн л дээ. Сургуулийн орчинд атаман, хулгиан гэгдэг нөхдүүд үе болгонд байдаг бөгөөд сүүлийн үед тэдгээр үл бүтэх хүүхдүүдийн зан авир, гаргаж буй үйлдэл нь цаанаа л нэг хэрцгий болоод байгаа нь өнөөгийн нийгмийн байдал олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, тоглоомын газрын үйл ажиллагаатай шууд холбоотой гэж тэрээр сүүлийн үед цөөнгүй удаа надад ярих болсон. Үнэхээр балчир насны хүүхдийн хүмүүжилд сайнаар биш юмаа гэхэд үл нөлөөлөхүйц хэрэгсэл гэж өнөөгийн монголд алга байна. Гадаа гарлаа тоглоомын талбайг нь нурааж барилга барьж байна, бас бөөн утаа, тэгэхээр гэртээ байсан нь харьцангуй дээр орчин болж таарна. Гэртээ орлоо зурагт асаана нөгөө л хэцүү сэдвүүдийг агуулсан мэдээ, нэвтрүүлэг, кино. Тоглоом тоглоё компьютерийн экшн, стратеги тоглоомууд дэсктопоор нь дүүрэн...

Энэ бүгдийг өнгөрөөгөөд сургуульд орлоо. Одоо хүүхдийн ирээдүй эцэг эх, багшийн хараа хяналтаас шууд хамааралтай болно. Учир юу вэ хэмээвээс ихэнх эцэг эхчүүд сургуульд орсон хүүхдийг багшид нь зуун хувь хариуцуулаад өгчихдөг. Тэгэхээс өөр аргагүй юм эцэг эх хоёр хоёулаа ажил хийж байж өнөөдөр хоёр хооллох уу, маргааш мацаг барих уу гэдгийгээ шийднэ. Харин багш нь ажлаа жоохон муухан хийдэг бол тэр хүүхдийн муу зам нь заагдлаа л гэсэн үг. Эх эцгийн хараа хяналт сайн байвал тэр хүүхэд сайн зам руугаа хазаймаар...

Монголын нийгэм өнөөдөр ийм л байна. Яагаад?

Монгол улс энэ цаг үед шилжилтийн процесс дунд явж байгаа бөгөөд энэ нь ид дундаа явагдаж байна. Тиймээс өөрсдийн уламжлалаа алдчихсан бас барууны орны соёлыг ч өөртөө шингээгээгүй байна. Энэ үндсэн шалтгаан голлох ролийг гүйцэтгэж байна.

Үүнийг хэрхэн өөрчилж болох вэ?

Монгол улс яг одоо шилжилтийн үедээ явж байгаа учраас дэлхий нийтээр дагаж мөрддөг, уламжлалт зан заншилд байдгаас арай өөр үйл ажиллагаа явуулах нь зөв энэ нь үндсэндээ хоёр түвшинд үйл ажиллагаа явуулсны үндсэн дээр энэхүү асуудлыг шийдвэрлэнэ.

· Микро түвшин

· Макро түвшин

Микро түвшинд тэдний тоглож буй тоглоомонд нь анхаарал хандуулах. Хүүхэд тань ямар наадгайгаар өөрийгөө зугаацуулж байгааг анхаарах. Таны хүүхэд юугаар тоглож байна гэдэг та л юугаар хангаж байна гэсэн үг шүү дээ.

Мөн эцэг эхчүүд өөрсдийн цаг ашиглалтаа зөвөөр төлөвлөж хүүхдээ өнөөдөр хаана юу хийж явааг нь, маргааш хаана юу хийхийг нь мэддэг байх. Ямар хүүхдүүдтэй нийлээд хүнд хэрэгтэй юм хийж байгаа эсэх. Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хорлол гэдгийг ухамсарт нь суулгаж өгөх нь богино хугацаанд хэрэгжих болно.

Макро түвшинд төрийн зүгээс гэр бүл, хүүхдийн хүмүүжлийг дэмжих төрийн бодлогыг боловсронгуй болгох (хүүхдийн тоглоомын талбайг устгахгүй байх гэх мэт ...) Улс орны хөгжил дэвшил гэдэг мөн чанартаа чухам юу болох талаар мэдэрч хар хайрцагны бодлогыг явуулах нь хамгийн зүйтэй.

Мөн тоглоомын газрын үйл ажиллагааг хууль эрх зүйн орчноор бүрэн хангаж өгөх. Үйлчлүүлэгч бүр насны ангилалаар тоглоомоо сонгох, үйлчилгээний орчин нөхцөл сайжруулах явдал нь урт хугацаанд хэрэгжих юм

2 comments:

  1. Энэ талаар эрдэм шинжилгээний ажил хийж хүмүүнлэгийн салбарт оролцвол өндөр амжилтанд хүрэхээр юм байна. Гэхдээ даацтай судалгаа шүү!

    ReplyDelete
  2. Сайхан бичлэг байна. Хүүхдийн хүмүүжлийн талаар холбогдож энэ талаар үйл ажиллагаа явуулмаар байна. hoh.mongol@yahoo.com хаягаар холбогдоорой.

    ReplyDelete