Tuesday, November 10, 2009

Хүний амьдралын гогцоо юу юм бол доо?

Ойрын хэд хоног юу болсын бол миний хувьд амьдрал гэж юу юм бэ? хүн ер нь юуны төлөө амьдардаг юм бэ? гэсэн бодол зүрх сэтгэл, оюун бодлыг минь эргүүлээд болдоггүй ээ.
Ихэнх оюутнуудын хувьд дунд хугацаанд сайн мэргэжилтэн болж бэлтгэгдэх, дутагдах гачигдах юмгүй амьдрах, хязгаарлалтуудаа эвдэх гэх мэт, харин ойрын хугацаанд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, хилийн чандад суралцах, голч дүнгээ сайн гаргах гэх мэт зорилтуудыг өмнөө тавьж аж төрдөг. Нэлээд урт хугацаанд, бараг алсын хараа гэж болох чиглэл нь монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэрээ оруулах /минийх Монгол улсын эдийн засгийг хөгжүүлэн дэвшүүлэх их үйлсэд бие сэтгэлээ бэлдэхийн учир ... гээд л явна л даа/ нтэр гээд байдаг.
Харин миний хувьд хувь хүнд заавал байх ёстой гэгддэг хэтийн зорилго/байгууллагын хувьд mission/, алсын хараа буюу vision, хэний төлөө амьдарч байгаа, хол ойрын зорилтууд бүгд өөрийн хэмжээнд нарийн зохион байгуулалттай тодорхойлогдчихсон юм. Тэгэх тэгэхдээ бүүр хүн бүр хийгээд байдаггүй шоргоолжны үүр шиг plan-aa тодорхойлсон, би. Эдгээртээ хүрэхийн төлөө одоо ч гэсэн тэмцсээр байна.
Гэвч төгсгөл ирэхэд бид өнөөдөр хийж бүтээсэн зүйл маань маш өчүүхэн, хэнд ч хэрэггүй болох юм шиг...
Христийн шашны сургаалаар бол өнгөрлөө гээд ертөнцийн эзнийг тахин шүтвэл мөнхийн диваажинд, эс бөгөөс халуун тамд морилно, Буддын шашны онолоор бол үхлээ гээд буян хийвээс дээд төрлийг олно, нүгэл хурааваас доод төрлийг олж төрнө гэдэг. Тэглээ гээд яах ч билээ дахиад л энэ утга учир нь мэдэгдэхгүй эргүүлэг эргэлдсээр л ...
Хэдийгээр хүмүүс бид нар хорвоод төрүүлж өсгөсөн ээж аавынхаа төлөө, хэцүү хатуу үед тусалж дэмждэг ахан дүүсийнхээ төлөө, газар хатуу тэнгэр хол цагт чин сэтгэлийн дэмжлэг үзүүлдэг найз нөхдийнхөө төлөө энэхүү замбативийн тоосыг бужигнуулж яваа гэж ярьдаг ч гэсэн, эцсийн эцэст энэ бүхний дараа бид бүгд л хумхын тоосонцор болж энэ ертөнцөөс холдон алга болно шүү дээ ...
Тэгэхээр та бидний амьдрал юун дээр гогцоогдож оршдог юм бол доо?

Monday, November 2, 2009

Жанжин шугам

Хүний амьдралын жанжин шугам, барьж явах зарчим гэж байдаг билээ. Энэхүү асуудлаар өнөөдөр хэд хэдэн хэлэлцүүлэг явагдсан нь ийнхүү бичлэг тэрлэхэд хүргэлээ.
Хэдийгээр менежментийн үндэс хичээлийн хүрээнд байгууллагын эрхэм зорилго нь ажилчдыгаа сэдэлжүүлсэн, ... гэсэн шаардлагуудтай байдаг гэж үзсэн боловч (одоо ч санахгүй байна) үнэхээр энэ нь чихний хажуугаар урсан өнгөрсөн, шалгалтанд бэлтгээд цээжилсэн хэдэн үгс байжээ.
Гэхдээ энэ эрхэм зорилго гэдэг хүний нийгэмд амьдрах зарчим, жанжин шугамыг агуулсан хэдхэн үгтэй өгүүлбэрийг тодорхойлно гэдэг хөөрхөн оюун санаа чилээсэн, хөгжилтэй ажил бололтой. Хүнд тайлбарлаад ойлгуулахад багагүй уран ярих чадвар шаардах бөгөөд нэлээдгүй хэдэн минут нуршин байж за нэг тиймэрхүү гэсэн санааг толгой руу нь оруулах юм. За тэгээд бөөн бөөн хэлэлцүүлгийн дараа үүнийг бичгийн хэлнээ хөрвүүллээ гэхэд байгууллагын гишүүн бүрт ойлгуулна гэдэг дараагийн хүндхэн асуудал юм. Үүнийг практик дээр байгууллага хүний нөөцөө сэлбэсний дараа хамгийн анхны хийдэг ажил нь тухайн компанийн mission-г тайлбарласан, шинэхэн мэргэжилтэний авирах уулын оройг зааж өгдөг хоёр цаг гаруй үргэлжилсэн сургалт байдаг аж.
Хүмүүсийн нэгдэл болох байгууллага ийм нарийн зохион байгууллалттай байхад дотор нь ажиллах хүмүүс бас л тийм өөрийн гэсэн хязгаарлалтуудаа нарийн зохион байгуулчихсан байдаг байх гэсэн сэтгэгдэл төрнө. Гэвч үнэн хэрэг дээрээ тийм биш юм байна, монголд. Алдаг оног, өнөөдрийг аргацаасан байдалтай хүн дүрстэнгүүд олон байх юм. Энэ нь нийтлэг монголчуудын хандлага ч юм шиг.
Япон хүний эрхэм зорилго нь өдөр бүрийг өчигдөрийхөөс илүү хурдтай байх, өчигдөр хийсэн зүйлээсээ илүү ихийг өнөөдөр бий болгохыг хичээдэг юм байна. Харин манай монголчуудын эрхэм зорилго нь юу билээ ...