Saturday, August 29, 2009

Монгол хөгжих үү?

Монгол улс хөгжих үү? гэж гудамжинд таарсан хүмүүсээс асуувал бүгд “хөгжинө” гэж дуу нэгтэй хариулсан мөртлөө хэзээ, яаж, хэн хөгжүүлэх вэ гэсэн үүнээс урган гарсан асуултанд тэр бүр хариулж чадахгүй байгаа нь “мэдэхгүй” гэж түгдрэн хэлэх үгнээс шууд ойлгогдож байлаа. Ёстой л нэг хонгилын үзүүр дэх гэрэл рүү тэмүүлж байгаа сохор хүмүүс шиг ...

Монгол орноо хөгжүүлнэ гэдэг энхийн цагт биднийг дуудсан эх орны дуудлага юм. Энэ ариун үүргээ хөх толботой төрдөг хүн бүхэн ухамсарлах учиртай.

Харин яаж биелүүлэх вэ гэхээр өнөөгийн бидний хоригдчихоод байгаа чөтгөрийн тойргоос мултарчихвал гүйцээ.

Эдийн засгийн онолд чөтгөрийн тойрог гэж нэгэн ойлголт байдаг. Хиймэл дагуулыг дэлхийгээс хөөргөхдөө сансарын 1-р хурд буюу 7.8 км/с хурд өгөхөд дэлхийг тойрог орбитоор эргэдэг. Монгол мэтийн буурай улсын эдийн засгийн өсөлт нь нэгэн хэвийн тойрог траектор төв цэгээсээ холддоггүй шиг өсөлтгүй байдалд ордог..

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр бол манай дотоодын саалийн үнээ гэгддэг. Чадлынхаа хэрээр зэсийг олзворлон гадаад зах зээл дээр худалдаад эх орондоо мөнгөний урсгалыг оруулж ирдэг. Энэ үед эдийн засаг өсөлттэй байдаг, аргагүй биз мөнгө орж ирж байхад. Гэтэл тэрхүү орж ирсэн хэд нь нийгмийн халамж гэх нэрийн доор шинэ гэр бүлийн 500000, шинэ хүүхдийн 100000, хүүхдийн мөнгө болж хувираад ард түмний гар дээр ирдэг. Худалдан авах чадвартай болсон хэрэглэгчид бүгдээрээ л хэрэгцээгээ хангахаар дэлгүүр орно. Энэ үед нийлүүлэлт хангалтгүйн улмаас эрэлтээс үүдэлтэй инфляци үүсч улмаар гаднаас тэдгээрийг импортолж авахад хүрнэ. Тэгээд л тэрхүү зэсээ зарж олсон хэдэн төгрөг нь буцаад харийн орны эдийн засгийн өсөлтийг хангаад гадаад худалдааг нь эерүүлж байдаг, харин Монгол бахь байдгаараа, хуучин хэвэндээ. Тойрог замын хиймэл дагуул шиг ядуурал, ажилгүйдлээс холдож чадахгүй, зайндаа байсаар л ... Үүнийг л чөтгөрийн тойрог гэж байгаа юм.

Гэхдээ гарц гэж бий. Тэрхүү хурдыг нь нэмээд 11.2 км/с –с дээш болвол эллипс хэлбэрээр тойрч, улмаар дэлхий орчмын тойрог замаас гардаг байна.

Бидний өдөр тутам өмсдөг хувцас дотор made in Mongolia гэсэн эд байдаг билүү? Тэнгэр баганадан сүндэрлээд байгаа барилгууд аль улсад үйлдвэрлэсэн барилгын материалаар баригддаг билээ? Энэ бол манай мөнгө тэдэн рүү урсаад л байна гэсэн үг.

Харин энэхүү урсгалын голдиролыг өөрчлөхийн тулд Голланд өвчнийг эдгээх хэрэгтэй. /Бид нар чинь есөн эрдэнийг хэвлийдээ хадгалдаг эх оронтой ч ашиглаж чаддаггүй Голланд өвчнөөр өвдчихсөн байгаа юм/

Нэгдүгээрт халамжийн хэлбэрээр тараагдаж байгаа мөнгийг ашиглан импортоор орж ирээд байгаа тэдгээр бараа бүтээгдэхүүнүүдийг бий болгох үйлдвэр барьж анхдагч хэрэгцээгээ хангах хэрэгтэй. Тэнд ажилгүйчүүдийн эгнээнд алба хашиж байгаа залуус хөдөлмөр эрхэлнэ, ядуурал буурна. Бидний хөрөнгө бидэнд л хэрэглэгдэнэ.

Ингэж л өөрсдийн мөнгөө дотооддоо шингээнэ, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ эрс өснө. Энэ бол дөнгөж эхлэл нь юм.

Засгийн газар Оюутолгойн төслийг Монголын талд ашигтай батлах санаатай нэлээд удаан хугацааны турш хуралдаж байна. Эрдэнэт шиг дахиад нэг хот, дахиад нэг уурхай байгуулагдана гэдэг хөгжлийн хурданд багагүй хэмжээний түлхэц үзүүлэх учиртай.

Мөн нээлттэй эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлж Сингапурь мэтийн маш жижиг газар нутагтай, ашигт малтмалгүй боловч хөгжлийн өндөр түвшинд хүрсэн улсуудаас үлгэр авах нь чухал байна. Хятад, Орос хэмээх 2 том гүрний хоорондох бүхий л арилжаа, тээвэр, европ-америк, европ-азийг холбосон агаарын болон төмөр зам халхын хавтгайгаар дайрч өнгөрөх нь нь маш их хэмжээний ашгийг бидэнд хүртээнэ.

Онгон байгаль, цэлмэг тэнгэрээрээ алс газрын аялагчдын хорхойг хөдөлгөдөг нь бидэнд аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлагатай байгааг анхааруулж байгаа билээ. Ирсэн гийчид бүр буцахдаа дахин зочлохын далд хүсэлд автан буцдаг, дээд зэргийн чанартай үйлчилгээ нь сэтгэл ханамжийг өгч чаддаг, гэртээ хариад бусад хүмүүст сайрхан гайхуулж ярьдаг орон болох нь нэгэн төрлийн гарц юм.

Ингэж чөтгөрийн тойргийг сэтлэж болно. Үүний дараа хөх Монголын хөгжлийн зам дардан харагдаж эхэллээ.

Гэтэл бас нэгэн саад тулгарч байгаа нь тэрхүү дардан замыг хэзээ гатлаж дуусах вэ?

Хээл хахууль, хүнд сурталд идэгдчихсэн эвдэрхий, хар утаа хаядаг, зорчигчид нь хог хаягдалаа хаа тааралдсан газраа хаядаг машинаар ямарч сайхан замаар яваад хурдалж чадахгүй шүү дээ.

Тэрхүү чийчаан хөлгийн жолооч нь зорчигчидоо зохицуулж, эвдэрч хэмхэрсэн мотороо засаад аян замд бүгдээр нэгэн санаа бодолтой, нэгэн үйл хэргийн төлөө хамтаа тэмцэж, хамтдаа зорьж явбал алтан шар зам тийшээ, аяны жолоо дээшээ маш хурдан хүрэх болно.

Би ч гэсэн тэр хөлөгт сууж яваа нэгэн хүн, эвдэрхий машинд бохир заваан явмааргүй байна. Тиймдээ ч бусдыгаа уриалж байна.

Монголчуудаа! та бид чинь нэг бүхээг доор хөгжил тийш зорчин явж буй зорилго нэгт ахан дүүс шүү дээ.

Монгол улсын хөгжилд иргэн бүрийн оруулах хувь нэмэр

Хүмүүс өндөр хөгжилтэй орон, хөгжингүй улс гээд л их ярьдаг. Гэтэл дэлхийг байлдан дагуулаад байгаа хөгжил гэж чухам юу юм бэ? Бүх нийтийг гэрэл цахилгаанаар хамгийн хямд үнээр хангадаг атомын цахилгаан станц уу?, гүрэн болгоны зэвсэгт хүчний зүрхэн дэх хамгийн том нууцхан айдас болох тив алгасагч пуужин уу? эсвэл тухайн улсын ДНБ-ий өсөлт, эдийн засгийн бие даасан байдал юм уу?

Үгүй юм байна аа! Эд бүгд бол тэдгээр улсуудын техник технологийн дэвшлийн үр дүн юм.

Харин хөгжил гэдэг нь нийгмийн гишүүн бүр сайн үйл хийхийг хэлдэг гэж ойлгож болно. Нэг хүн тэргэн дээр суусан хүмүүсийг чирч явснаас бүгд зэрэг түрвэл хэн хэндээ ашигтай нөхцөл байдал үүсдэг болохоор нийгмийн гишүүн бүр гэж үзэж байгаа юм. Сайн үйлийн хамгийн доод талын цэнзүүр нь хууль зүй бөгөөд дээд цэг нь нэмэх хязгааргүй рүү тэмүүлж байдаг ёс зүй билээ.

Тэгвэл өнөөдрийн монголын хөгжлийн түвшин хэр зэрэг байгаа бол? Олонх хүмүүс муу гэдэг дээр надтай адил санал нэгдэх байх. Үнэхээр ч үүний баталгааг хаанаас ч харж болох бөгөөд та гэрээсээ гараад авто замын хөдөлгөөнийг ажиглаад үзээрэй бөөн бөөн бөглөрөл. Шалтгаан нь маш энгийн - хууль ёсоо дагаагүйгээс үүдэлтэй, үүн дээр нь ёс зүйн түвшин доогуур жолооч нар дайрч орсоор байдал бүүрч дорддог. Зарим хүмүүс “Замыг нь томсгоод өг, хариуцлагыг нь чангалаад өг тэгвэл л гүйцээ!” гэх мэт тайлбар тавьдаг л даа. Гэвч замын хэмжээ өргөн болсон ч дүрэм баримталдаггүй хүмүүс байсаар байна, хариуцлага чангарсан ч эдийн засгийн онолд квот тогтооход далд, хууль бус эдийн засаг үүсдэг шиг хариуцлагаас мултрах, зайлсхийх арга нь улам нарийсна шүү дээ.

Энэ байдлыг эцэс болгохын тулд бидэнд хүнд хууль цааз, гадаад орны хөрөнгө оруулалт гэх мэт зүйл огт хэрэггүй.

Хүн бүр ядаж хуулиа дээдлэж амьдарвал бидний монголын хөгжил тэг рүү тэмүүлэх нь зогсож өсөлтгүй ч гэсэн бууралтгүй тогтмол болно. Энэ бол эхний алхам.

Хоёрдах гишгүүрт хүрэхэд ихээхэн хүч чармайлт, зүтгэл хэрэгтэй болох ба тэр их энергийг оюутан оюутан залуус бид бий болгож чадна. Учир юу вэ хэмээвээс улс орныг хөдөлгөгч цэргийн, ард түмний, оюутны хүч гэх гурван хүч байдгийн хамгийн чадалтай нь гурав дахь нь юм.

Агаарын бохирдол, хог хаягдал гэх мэт сөрөг экстерналь нь хүмүүсийн ёс зүйгүй үйлдлүүдийн үр дүн юм. Энэ байдлыг дахин бий болгохгүйн тулд хогийг цэвэрлэх-хаяхгүй байх талаар, ногоон ургамал бут сөөгийг тарих-хамгаалах тухай нэг хүн хоёр хүнд ойлгуулна, ойлгосон хоёр нь дахин дөрвөн хүнд, тэр дөрөв нь арван зургаа гэх мэтчилэн үргэлжилэх гинжин холбоог үүсгэнэ.

Эх орны хөгжил цэцэглэлтийн толин тусгал болсон залуучууд бид жаахан дүү нартаа үлгэр дууриалал үзүүлж, ах эгч нартаа шаардлага тавьж тэрхүү шатан дээр гишгэнэ.

Энэ хоёр үйл хөдлөлийг хийж чадвал залуус бид хөгжил гэгчийг үнэн утгаар нь монгол улсдаа цогцлоох болно. Ингэсэн цагт оюуны, технологийн хувьсгал нэгэн зэрэг явагдаж монгол угсаатан дэлхийн улс төр, эдийн засаг, хөгжил дэвшлийн хандлагыг тодорхойлогч болно.

Хүүхдийн хүмүүжил өнөөдөр

Аливаа улс үндэстний хөгжлийн түвшинг тодорхойлоход эдийн засгийн өсөлт, шинжлэх ухаан, техник технологийн ололтыг нь дэлхийн хэмжээнд харьцуулалт хийж үнэлдэг бол гучаас тавин жилийн дараах тэрхүү улсын нүүр царайг нь хүүхдүүд өсвөр үеийхнийх нь хүмүүжлийн байдлаар нь тодорхойлдог. Тиймдээч орчин үед дэлхий нийтийн хөгжлийн бодлого түүний хандлага нь залуу үе рүүгээ хандсан байдалтай байна. Гэтэл монголын хувьд өнөөдрөө аргацааж байвал болоо гэсэн сэтгэлгээгээр маргааш гэдэг өдрийг мартсан байдалтай байна. Үнэхээр ч санхүү эдийн засгийн хямрал, ядуудал, ажилгүйдэл, хог хаягдал, агаарын бохирдол гэх мэт толгой өвтгөсөн эхний ээлжинд шийдвэрлэхүйц асуудлууд ар араасаа, шил шилээ даран очерлож байхад энэ хүүхдийн хүмүүжил гэдэг хоёрдогч эгнээний асуудлыг хэлэлцэх арай ч болоогүй байгаа ч юм шиг ...

Гэхдээ бид энэхүү сэдвийг хөндөхгүй байхын аргагүй байдалд аль хэдийнээ орчихжээ. Тиймээс яагаад ийм байдалд орсон талаар багахан санааг энд сийрүүллээ. Үүнд:

· Эртний монголчуудын уламжлалт зан заншилд хүүхдийг хэрхэн хүмүүжүүлдэг байсан талаар

· Барууны оронд өсвөр үеийхэн хэрхэн хүмүүждэг талаар

Нүүдэлчин удамт хэмээх монголчууд ...

Бидний өвөг дээдэсийн амьдралын хэв маяг нь өөрөө гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бий болгодог байсан бөгөөд хорин дөрвөн цагийн турш халуун ам бүлээрээ аж төрж амьдаран суудаг байж. Мөн хүүхдийг

Балчир ахуй насанд нь хаан мэт

Өсөх хонгор насанд нь зарц мэт

Ухаан суух насанд нь нөхөр мэт өсгө гэсэн зарчмаар хүмүүжүүдэг байсан нь амьдралын шат бүрт нь өөр өөр арга барилыг ашигла гэсэн цаад санааг агуулж байдаг. Энэ нь

Оюун хөгжүүлэх оньсон тоглоом дунд өсгө сэргэлэн болно

Ажил хөдөлмөр, бичиг ном дунд өсгө хичээнгүй болно

Амьдралын үнэн, муу санаа, хайр дурлал (бэлгийн боловсрол)-г ойлгуул даруу болно гэсэн үг юм.

Мэдээж энэ насны хүүхдүүд бүгдийг л өөрийн хүссэнээр байлгахыг хүсдэг, үгүй бол уйлдаг. Дөнгөж хэлд ороод хүрээлэн буй орчноо танин мэдэх туйлын хүслээр дүүрэн байхад нь тэрхүү асаж буй эрмэлзэл дээр нь тос нэмэх мэт дэмжиж өгөөд оньсон тоглоом, ухаан сорих дасгал гэх мэтээр цаг үргэлж тархийг нь цэнэглэж өгдөг байсан юм. Үүнд бүх төрлийн шагай наадгай, төрөл бүрийн оньсон тоглоом орно.

Тусд орохын цагт гээд л хүмүүс ярьдаг үе дээр нь буюу таваас арван гурван насанд нь халамж хайрыг нь шууд бус аргаар өгч илт бөөцийлөн эрхлүүлэхээ багасгадаг ба ажил хөдөлмөрийн амтыг мэдрүүлж, оюуны хүч чадлын цар хүрээг таниулдаг байсан юм. Нэгэн хүүд эмээ нь аарц өгөхөд чихэргүй байна гээд голоод идсэнгүй тэгтэл эмэг ээж нь хүүг хониндоо яваад ир гээд явуулав. Хэсэг хугацааны дараа хүү гэртээ ирээд нөгөө аарцаа идэж байхдаа эмээ та хэзээ энэ аарц руу чихэр хийчихвээ? гээд амтархан идэж байсан гэдэг үлгэр байдаг. Үүний цаад утга нь дураараа өссөн хүүхдэд хөдөлмөр ухамсар суулгадаг гэсэн үг юм.

Хүүхэд юмны наад цаадахыг нь мэддэг болох үе буюу арван гурваас дээш насанд нь амьдралын муу муухай, шударга үйлс, буян нүгэл, атгаг санаа гэх мэтийг зааж сургадаг. Гэнэн томоогүй хүүхэд нас чамайг орхин одож байна, амьдрал гэдэг хатуу, хэцүү гэдгийг ойлгуулах нь цаашдын амьдрал нь чухал үүрэгтэй.

Хотжсон нийгэм буюу барууны орнууд ...

Хүүхдийг хэвлийд байхаас нь түүнтэй ярилцаж, намуухан хөгжим сонсгож байхыг зөвлөдөг бөгөөд эхийн хэвлийд амар тайван бойжсон хүүхэд төрсний дараа ч гэсэн биеийн эсэргүүцэл сайн, олдмол өвчлөлүүдээс хол байдаг гэдгийг шинжлэх ухаан нотлоод нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Жирэмсэн болсон цагаас эхлэн эмчийн хяналтанд байж чадвал хүндрэлгүй төрдөг ажээ.

Балчир ахуй насанд нь хүүхдийн тоглоомоор нь дамжуулж сэтгэхүй тэлэх, IQ хөгжүүлэх дасгал хийлгэх нь хамгаас чухал. Энэ бол хүүхэд хүрэлцсэн бүхнээсээ анхдагч мэдлэгээ олж авдагтай холбоотой бөгөөд эвлүүлдэг тоглоом, цээжлүүлэх дасгал, логик чанартай тоглоомууд голлох үүргийг гүйцэтгэнэ.

Шилжилтийн насанд нь яг л том хүн шиг харьцах нь хүүхдүүдэд бие дааж шийдвэр гаргаж хариуцлагаа өөрөө хүлээх дадал чадварыг суулгаж өгдөг юм. Хүн эрх эдлэх тусам үүрэг хүлээдэг, үүргээ биелүүлэхгүй бол хариуцлага хүлээдэг нийгмийн өдөр тутмын харьцааг ухамсарт нь суулгаж өгдөг.

Барууны орнууд болон эртний монголчуудын хүүхдийг хүмүүжүүлэх арга барил нь бага зэргийн ялгаатай болохоос биш ерөнхий хандлага нь ижил болохыг дээрхээс дүгнэж болно. Хотжсон нийгэмд шинжлэх ухааны ололт давамгайлсан байдалтай байдаг нь ялгаатай тал юм.

Гэтэл яагаад өнөөдрийн монголын хүүхдийн хүмүүжил эдгээрээс тэс ондоо байгаа юм бэ? Жирэмсэн эхийн эргэн тойронд маш их хэрүүл шуугиан, түүнээс болоод стрессээр өвчлөх магадлалтай байдаг. Өөрийнхөө асуудлын учрыг олохгүй байгаа хүнд бол гэдсэн дэх хүүхэд нь хамгийн эхэнд хэлсэн шиг хоёрдогч эгнээний асуудал болдог.

Төрөхийн өмнө хугацаанаас өмнө төрөх, хийсвэр хийлгэх, төрсний дараа тархины даралт, хөхний толгой хагаралт зэрэг янз бүрийн л хэцүү зүйлстэй тулгарна. Энэ бүхнийг даван туулаад хүүхэд төрлөө. Төрөөс өгдөг халамжийн хэдэн төгрөгөөр хоёр нас хүртэл санаа зовох асуудал арай бага бойждог.

Хүүхэд ийм дээрээ хөөрхөн гээд хүмүүс ярьдаг хоёроос найман насандаа юмыг хамгийн хурдан сурдаг тиймээс өссөн орчныхоо уур амьсгал, харилцааг шууд хүлээж авдаг. Яг энэ үе дээр нь мэдээллийн хэрэгслээр гэмт хэрэг, хүчирхийлэл, садар самуун сурталчилсан мэдээ, нэвтрүүлэг, киногоор бөмбөгдөж өгнө. Мөн тэдний хамгийн дуртай зүйлсийн нэг нь компьютерийн тоглоом болоод байгаа бөгөөд насны ангилал харгалзалгүй тэдгээр тоглоомыг тоглож өсч байна. Манай ээж багш хүн л дээ. Сургуулийн орчинд атаман, хулгиан гэгдэг нөхдүүд үе болгонд байдаг бөгөөд сүүлийн үед тэдгээр үл бүтэх хүүхдүүдийн зан авир, гаргаж буй үйлдэл нь цаанаа л нэг хэрцгий болоод байгаа нь өнөөгийн нийгмийн байдал олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, тоглоомын газрын үйл ажиллагаатай шууд холбоотой гэж тэрээр сүүлийн үед цөөнгүй удаа надад ярих болсон. Үнэхээр балчир насны хүүхдийн хүмүүжилд сайнаар биш юмаа гэхэд үл нөлөөлөхүйц хэрэгсэл гэж өнөөгийн монголд алга байна. Гадаа гарлаа тоглоомын талбайг нь нурааж барилга барьж байна, бас бөөн утаа, тэгэхээр гэртээ байсан нь харьцангуй дээр орчин болж таарна. Гэртээ орлоо зурагт асаана нөгөө л хэцүү сэдвүүдийг агуулсан мэдээ, нэвтрүүлэг, кино. Тоглоом тоглоё компьютерийн экшн, стратеги тоглоомууд дэсктопоор нь дүүрэн...

Энэ бүгдийг өнгөрөөгөөд сургуульд орлоо. Одоо хүүхдийн ирээдүй эцэг эх, багшийн хараа хяналтаас шууд хамааралтай болно. Учир юу вэ хэмээвээс ихэнх эцэг эхчүүд сургуульд орсон хүүхдийг багшид нь зуун хувь хариуцуулаад өгчихдөг. Тэгэхээс өөр аргагүй юм эцэг эх хоёр хоёулаа ажил хийж байж өнөөдөр хоёр хооллох уу, маргааш мацаг барих уу гэдгийгээ шийднэ. Харин багш нь ажлаа жоохон муухан хийдэг бол тэр хүүхдийн муу зам нь заагдлаа л гэсэн үг. Эх эцгийн хараа хяналт сайн байвал тэр хүүхэд сайн зам руугаа хазаймаар...

Монголын нийгэм өнөөдөр ийм л байна. Яагаад?

Монгол улс энэ цаг үед шилжилтийн процесс дунд явж байгаа бөгөөд энэ нь ид дундаа явагдаж байна. Тиймээс өөрсдийн уламжлалаа алдчихсан бас барууны орны соёлыг ч өөртөө шингээгээгүй байна. Энэ үндсэн шалтгаан голлох ролийг гүйцэтгэж байна.

Үүнийг хэрхэн өөрчилж болох вэ?

Монгол улс яг одоо шилжилтийн үедээ явж байгаа учраас дэлхий нийтээр дагаж мөрддөг, уламжлалт зан заншилд байдгаас арай өөр үйл ажиллагаа явуулах нь зөв энэ нь үндсэндээ хоёр түвшинд үйл ажиллагаа явуулсны үндсэн дээр энэхүү асуудлыг шийдвэрлэнэ.

· Микро түвшин

· Макро түвшин

Микро түвшинд тэдний тоглож буй тоглоомонд нь анхаарал хандуулах. Хүүхэд тань ямар наадгайгаар өөрийгөө зугаацуулж байгааг анхаарах. Таны хүүхэд юугаар тоглож байна гэдэг та л юугаар хангаж байна гэсэн үг шүү дээ.

Мөн эцэг эхчүүд өөрсдийн цаг ашиглалтаа зөвөөр төлөвлөж хүүхдээ өнөөдөр хаана юу хийж явааг нь, маргааш хаана юу хийхийг нь мэддэг байх. Ямар хүүхдүүдтэй нийлээд хүнд хэрэгтэй юм хийж байгаа эсэх. Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хорлол гэдгийг ухамсарт нь суулгаж өгөх нь богино хугацаанд хэрэгжих болно.

Макро түвшинд төрийн зүгээс гэр бүл, хүүхдийн хүмүүжлийг дэмжих төрийн бодлогыг боловсронгуй болгох (хүүхдийн тоглоомын талбайг устгахгүй байх гэх мэт ...) Улс орны хөгжил дэвшил гэдэг мөн чанартаа чухам юу болох талаар мэдэрч хар хайрцагны бодлогыг явуулах нь хамгийн зүйтэй.

Мөн тоглоомын газрын үйл ажиллагааг хууль эрх зүйн орчноор бүрэн хангаж өгөх. Үйлчлүүлэгч бүр насны ангилалаар тоглоомоо сонгох, үйлчилгээний орчин нөхцөл сайжруулах явдал нь урт хугацаанд хэрэгжих юм

Эдийн засгийн шинжлэх ухааны үндэслэгч

Нэтээр тэнэж яваад ийм нэг сонирхолтой нийтлэл байсныг copy-paste хийгээд хадгалчихсан байсныгаа оллоо. Бантсаных бант гэдэг шиг шууд л publish post гээд дарчихлаа. /Танихгүй ч гэсэн Ч. Отгончулуунд баярлалаа, линкийг нь санадаггүй ээ ;p /

Аристотель Economy (эдийн засгийн шинжлэх ухаан)-д анх нэр хайрласан юм. Тэр нийгмийн шударга ёсны төлөө тэмцэх эрмэлзлэлийн vрийг суулгажээ. Эртний vе өнөө цагт ч шинэ хэвээр байгаа мэт. "Сайн vйлс бvхэн хил хязгааргvй байх ёстой."

Аристотель Эдийн засгийн шинжлэх ухаан нь түүний сургаалийн гол цөм байгаагүй болой. Зарим нь түүний бичсэн гэгдэх "Өрхийн аж ахуйн тухай" 3 боть ном vнэхээр тvvний бvтээл мөн эсэхэд эргэлздэг авай. Гэхдээ л тvvний нөлөө бол маргаангvй их юм. Жозеф Шумпэтэр эдийн засгийн сэтгэлгээний эхлэлийг, vндэсийг тvvнтэй холбож vздэг. Шотландын "гэгээрэгчид", ялангуяа Адам Смитыг Аристотелигvйгээр төсөөлөхөд нэн бэрх. Аристотели "эдийн засаг"-т нэр өгсөн (ойкономиа) бөгөөд уг шинжлэх ухааныг өөрийн гэсэн зарчим, судлагдахуунтай болгоход их vvрэг гvйцэтгэжээ. Тэр эдийн засгийг нийгэмийн, ер нь ёс суртахууны шинжлэх ухаан гэж vзэж байж. Тvvний сургаальд Хомо политикус нь Хомо экономикустэй зөрчилддөггvй юм. Тэр хэт туйлширалгүй, ёс суртахуунд vндэслэсэн, улс төр ба шинжлэх ухааны чанадад орших, тийм эдийн засгийг хайх ерөнхий чиглэлийг тавиж өгсөн юм. Сократ болон Платон нарийн адилаар "сонгодог гvн ухаан"-ий эх vvслийг vндэслэсэн Аристотели нь манай эриний өмнөх 384 онд Тхракиэнд төрж, 322 онд Чалкис арал дээр нас баржээ. 17 тойдоо Платоны академид элсэн оржээ. Тэр Македоны Александрын хvмvvжvvлэгч багш байх vедээ практик- улс төрийн асуудлаар нилээн сонирхон оролдож байсан гэдэг. Хожим тэр өөрийн сургуулийг vндэслэсэн юм. Тэр өөрийн филосифио Платоныхтой сөргөлдvvлэх, түүнийг шvvмжилэх замаар хөгжvvлжээ. Түүний давтагдашгvй өвөрмөц сэтгэх арга, онолын гаргалгаанууд, философийн бvтээлvvд нь: логик- учирзүйн, ёс зүйн, байгалийн шинжлэх ухааны талаархи гар бичмэлvvдэд vлдэж хоцорчээ. "Ёс зvй", "Улс төр", "Эдийн засаг" ууд нь хамтдаа "практик философи" болно. Эдгээр нь ямагт "сайн сайхан амьдрал", хүний аз жаргал, хамтsн амьдралын хамгийн сайн зохион байгуулалт, төлөвлөлтийн төлөө байх болно. Ингэж тэр 18 -р зуун хvртэл бараг өөрчилөгдөлгүй "амьдарсан" онолоо vндэслэсэн юм. Адам Смит, Аристотелийн уламжлал, тvvний vзэл санааны дагуу, өөрийн "Yндэстнvvдийн баялаг" зохиолдоо, "Улс төрийн эдийн засаг бол төрийн тэргvvн, хууль тогтоогчдын шинжлэх ухааны хэрэглvvр /зэвсэг/ юм гэж vзэж байв". Энэ уламжлалын дагуу бол эдийн засаг нь нилээн чухал vvрэгтэй. Гэхдээ онцгой чухал ч юм уу, эсвэл хамгийн гол шийдвэрлэх vvргийг гvйцэтгэхгvй. Ер эдийн засгийн шинжлэх ухаан бол хамтын амьдралыг бий болгоход хувь нэмрээ оруулж буй нэгэн vйлчлэх чиг vvргээс өөр юу ч биш. Их ч vгvй бага ч vгvй ердөө ийм л vvрэгтэй. Тvvний энэ санаа одоо ч "амид" хэвээр. Жишээ нь:капитализмыг шvvмжлэгч Америкын эрдэмтэн Амтай Этзиони шиг "ёс суртахуунтай, тэгш эрхтэй шинэ эдийн засгийг", хvмvvнлэг "сайн нийгэм"- ийг байгуулахаар зорьж /шаардаж/ буй нь Аристотелийн санаа орчин vед дахин сэргэж байгаагийн нэг хэлбэр юм. Тэр эдийн засгийн онолын сэтгэлгээний тvvхэнд "өрхийн аж ахуй" хэмээх 3 боть номоороо ороогvй юм. Харин эдгээр номууд нь бvхий л vеийн онолуудын урьдач нөхцөл, суурь нь болж байв. Эхний ботиндоо тэр өрх гэр доторхи тэргvvлэх ёсны тухай: эхнэр нөхрийн, эзэн ба боолын, эцэг хvvхдvvдийн хоорон дахь харьцааны тухай бичжээ. Хоёрдугаар ботио Александр Макэдонскийн даалгавраар бичсэн байж болох юм. Тэр пэрс болон гэрэгийн тvvхэнд төр, засгийн удирдагчид нь заль хэрэглэж хээл хахуулийн замаар тvрийвчээ тvнтийлгэсэн 70 аргийг бичжээ. 3 дахь боть нь эдийн засагтай холбоогvй шахуу буюу "гэр бvл болон эрчvvдийн хууль" ийн талаар байв. Эдийн засгийн шинжлэх ухаанд оруулсан тvvний хувь нэмэр нь огт өөр "газар" байх нь цөөнгvй. Тухайлбал Шумпэтэрийн бvтээл, судалгааний гол суурь нь болсон Аристотелын мөнгөний онол нь "Никомахийн ёс суртахуун" гэдэг номынх нь ёс суртахуун, тэгш эрхийн талаархи бvлэгт нь байх жишээтэй. Мөнгөний vvргийг тэр орчин vеийн эдийн засгийн шинжлэх ухааныхтай төстэй байдлаар тодорхойлж байжээ. Мөнгө -хvний хэрэгцээний болон эд зvйлсийн өртгийн хэмжvvр, -өртгийг солилцох, дамжуулах хэрэгсэл, -мөнгө бол зээл. хувь хvн одоо хэрэглэх шаардлагагvй бол ирээдvйд хэрэглэх зорилгоор "хойш тавиж" болдог /хадгалах vvрэг/. Энэ бvхний хажуугаар тэр мөнгөний социал чиг vvргийг нь мартаагvй юм. "мөнгө байгаагvй бол хvмvvсийн хамтын амьдрал ч, солилцоо ч байхгvй байх байсан." Хойч vеийнхэндээ vлдээсэн тvvний эдийн засгийн сэтгэлгээний өв нь зөвхөн "Никомахийн ёс суртахуун" аас гадна улс төрийнх нь бvтээлд vлдсэн юм. Юуны өмнө тvvний улс төрийн шатлал нь ихэд учир утгатай. "...Улсын жижиг нэгжvvд /баг, сум, дvvрэг гэдэг шиг/ нь хvмvvсийн нэгдлийн, хамтийн амьдралын нэгэн тусгай хэлбэр юм. Улс төрийн амьдрал vvнээс л эхэлдэг. Бvх жижиг нэгжvvд нь сайн сайхны тусийн тулд л нэгддэг. Жижиг нэгдэл бvр илvv"сайн" -ий зvг тэмvvлэх бөгөөд ингэж явсаар, бvх сайнуудаас хамгийн дээд зэрэгт байх нэгэн сайны зvг тэмvvлсээр нэгэн хvчирхэг, мөн бусад бvх доод шатний дэд нэгдэлvvд тvvнд харяалагддаг, тийм нэгдэлийг бvрдvvлдэг. Vvнийг бид Улс, буюу төрийн нэгдэл гэж нэрлэдэг...". Тэр Полис (хот улсууд)-ийг хамгийн гол, хамгийн дээд шатний нэгдэл гэж vздэг байв. Бусад нь тvvний хvрээнд багтах бөгөөд поли нь ноёлох, бусдийг эрхшээх хvчтэй. Орчин vеийнхээр хэлбэл :Аристотели Улс төрийн шатлалын талаар "бvхний төлөө vvрэх улсын хариуцлага" дээр хvрээд цааш ахилгvй зогсжээ. Тvvнээс өмнө Платон, тvvнээс хойш Гэгэль, Карл Маркс нарын туйлшрагчдын адил (Карл Поппэрийн тодорхойлсноор буруу хуулагчид) төрийн дарангуйллын тухай санаа гаргаагvй юм. Улс төрийн болон эдийн засгийн онолын эхлэл, vvслийн vед Аристотель ёс суртахуунд тvшиглэсэн улс төрийн эдийн засгийн тухай санааг бий болгожээ. Поли (хот улс) нуудийн төв нь чөлөөт зах, зээл худалдааны талбай буюу агора байлаа. Тэнд хvмvvс өөрсдийн эдийн засгийн сонирхолыг солилцож, харилцан ярилцдаг байжээ. Зорилго болон зорилтын пирамидэд (шаталсан тогтолцоонд) улс төрийн эдийн засаг нь онолын улс төрийнхөө доор нь оршино. Улс төрийн утга учир нь тvvнийхээр бол засгийн асар их эрх мэдлийг ашиглан, хамтийн аз жаргалд хvргэхэд (хотлоор нь жаргаахад) оршино. Тэр өөрийнхоо vеийн буюу тухайн цагийнхаа ойлголтоор, хэмжvvрээр л улс төрийг хэмжиж байж. Мөн тэр "улс төр гэдэг нь сайн сайхан амьдралын төлөө л байдаг, тvvнд vйлчилэх vvрэгтэй" гэж баттай итгэж байв. Хvний амьд явах, амьжиргааг тордох хэрэгцээг хангах нь эдийн засгийн vvрэг юм. Улс төр бол эрх чөлөөний гvрэн, эдийн засаг бол зайлшгvй байдлын гvрэн болой. Аристотелийн улс төр, нийгэм, эдийн засгийн онолын санааг өнөөгийн тvвшинээс харах юм бол ардчилсан бус гэдэг нь тодорхой. Vvнд тайлбар илvvц биз. Учир нь тvvний онолд эмэгтэйчvvд, хvvхдvvд, боолуудын эрх чөлөө багтаагvй байдаг. Нэг гайхалтай зvйл нь тэр эдгээр бvлгvvдийг улс төрөөс хассан атлаа, нийгэмд хэрэв олонхи нь хамтын шийдвэр гаргах, зөвлөх ажиллагаанд оролцож чадахгvй байх юм бол төр "дайснуудаараа" дvvрдэг... гэж vздэг байжээ. Тэр цаг vеийнхээ, нийгмийнхээ бvтээгдэхvvн байсан юм. Гэхдээ л тэр нийгмийн тэгш байдал, тэгш эрхийн талаар хамгийн эхний бөгөөд "суурийг нь сайн vндэслэсэн" онолч байсан юм. Тvvний ойлголтууд, тодорхойлолтууд одоог хvртэл vнэ цэнээ алдаагvй төдийгvй, шинэ онолуудад ч нөлөөтэй хэвээр байна. Ямар vед чөлөөт байдлын дvнд бий болсон тэгш бус байдлыг зөвтгөж болох вэ? Аль тохиолдолд шударга бус гэж тооцох вэ, ямар vед хамтын амьдралд аюул учруулж байна гэж vзэж болох вэ? Тэр нийгмийн өргөн хэмжээний зохицол, vндэсний нэгдэлгvйгээр, сайн хамтын нийгэмлэг(нийгэм) бvрэлдэж чадахгvй гэдэгт итгэж байж. Тvvний "Политиэ" зохиолд өмч ба эрх чөлөө, олигархи болон ардчилсан зарчмыг гайхалтай сайн нэгтгэх гэсэн хvсэл нь илэрсэн байдаг. "Бvх нийгэмд 3 хэсэг бий. Лут баячууд, дундаж тvвшнийхэн, туйлийн ядуучууд. Хэрэв дундаж тvвшнийхний хэмжээ их байвал сайн. Учир нь ийм харилцаанд тэд оюун ухаандаа захирагдах нь хялбар байдаг" Хамгийн сайн нийгмийг бий болгоход шаардагдах эхний нөхцөл нь ашигтай аж ахуй, шударга хуваарилалт юм. Энэ нь эдийн засгийн vvргийг маш өндөр тvвшинд vнэлж буй хэрэг юм. Аристотелийн сургааль нь орчин vеийн эдийн засгийн шинжлэх ухаанд, нийгмийн, ёс суртахууны асуудлуудыг дахин шинээр, өөрөөр олж харах боломжийг олгож байна. Ч. Отгочулууны орчуулгаас . . .