Saturday, August 29, 2009

Монгол улсын хөгжилд иргэн бүрийн оруулах хувь нэмэр

Хүмүүс өндөр хөгжилтэй орон, хөгжингүй улс гээд л их ярьдаг. Гэтэл дэлхийг байлдан дагуулаад байгаа хөгжил гэж чухам юу юм бэ? Бүх нийтийг гэрэл цахилгаанаар хамгийн хямд үнээр хангадаг атомын цахилгаан станц уу?, гүрэн болгоны зэвсэгт хүчний зүрхэн дэх хамгийн том нууцхан айдас болох тив алгасагч пуужин уу? эсвэл тухайн улсын ДНБ-ий өсөлт, эдийн засгийн бие даасан байдал юм уу?

Үгүй юм байна аа! Эд бүгд бол тэдгээр улсуудын техник технологийн дэвшлийн үр дүн юм.

Харин хөгжил гэдэг нь нийгмийн гишүүн бүр сайн үйл хийхийг хэлдэг гэж ойлгож болно. Нэг хүн тэргэн дээр суусан хүмүүсийг чирч явснаас бүгд зэрэг түрвэл хэн хэндээ ашигтай нөхцөл байдал үүсдэг болохоор нийгмийн гишүүн бүр гэж үзэж байгаа юм. Сайн үйлийн хамгийн доод талын цэнзүүр нь хууль зүй бөгөөд дээд цэг нь нэмэх хязгааргүй рүү тэмүүлж байдаг ёс зүй билээ.

Тэгвэл өнөөдрийн монголын хөгжлийн түвшин хэр зэрэг байгаа бол? Олонх хүмүүс муу гэдэг дээр надтай адил санал нэгдэх байх. Үнэхээр ч үүний баталгааг хаанаас ч харж болох бөгөөд та гэрээсээ гараад авто замын хөдөлгөөнийг ажиглаад үзээрэй бөөн бөөн бөглөрөл. Шалтгаан нь маш энгийн - хууль ёсоо дагаагүйгээс үүдэлтэй, үүн дээр нь ёс зүйн түвшин доогуур жолооч нар дайрч орсоор байдал бүүрч дорддог. Зарим хүмүүс “Замыг нь томсгоод өг, хариуцлагыг нь чангалаад өг тэгвэл л гүйцээ!” гэх мэт тайлбар тавьдаг л даа. Гэвч замын хэмжээ өргөн болсон ч дүрэм баримталдаггүй хүмүүс байсаар байна, хариуцлага чангарсан ч эдийн засгийн онолд квот тогтооход далд, хууль бус эдийн засаг үүсдэг шиг хариуцлагаас мултрах, зайлсхийх арга нь улам нарийсна шүү дээ.

Энэ байдлыг эцэс болгохын тулд бидэнд хүнд хууль цааз, гадаад орны хөрөнгө оруулалт гэх мэт зүйл огт хэрэггүй.

Хүн бүр ядаж хуулиа дээдлэж амьдарвал бидний монголын хөгжил тэг рүү тэмүүлэх нь зогсож өсөлтгүй ч гэсэн бууралтгүй тогтмол болно. Энэ бол эхний алхам.

Хоёрдах гишгүүрт хүрэхэд ихээхэн хүч чармайлт, зүтгэл хэрэгтэй болох ба тэр их энергийг оюутан оюутан залуус бид бий болгож чадна. Учир юу вэ хэмээвээс улс орныг хөдөлгөгч цэргийн, ард түмний, оюутны хүч гэх гурван хүч байдгийн хамгийн чадалтай нь гурав дахь нь юм.

Агаарын бохирдол, хог хаягдал гэх мэт сөрөг экстерналь нь хүмүүсийн ёс зүйгүй үйлдлүүдийн үр дүн юм. Энэ байдлыг дахин бий болгохгүйн тулд хогийг цэвэрлэх-хаяхгүй байх талаар, ногоон ургамал бут сөөгийг тарих-хамгаалах тухай нэг хүн хоёр хүнд ойлгуулна, ойлгосон хоёр нь дахин дөрвөн хүнд, тэр дөрөв нь арван зургаа гэх мэтчилэн үргэлжилэх гинжин холбоог үүсгэнэ.

Эх орны хөгжил цэцэглэлтийн толин тусгал болсон залуучууд бид жаахан дүү нартаа үлгэр дууриалал үзүүлж, ах эгч нартаа шаардлага тавьж тэрхүү шатан дээр гишгэнэ.

Энэ хоёр үйл хөдлөлийг хийж чадвал залуус бид хөгжил гэгчийг үнэн утгаар нь монгол улсдаа цогцлоох болно. Ингэсэн цагт оюуны, технологийн хувьсгал нэгэн зэрэг явагдаж монгол угсаатан дэлхийн улс төр, эдийн засаг, хөгжил дэвшлийн хандлагыг тодорхойлогч болно.

3 comments:

  1. Хөгжил эхлээд тархинд бий болно о гэж байгаа :D

    ReplyDelete
  2. @tsengel 1-р курсдээ бичиж байлаа, одоо үзэл бодол бага зэрэг өөрчлөгдсөөөн :D

    ReplyDelete