Tuesday, August 11, 2009

Самгарьд үгсийн тайлбар

Монголчууд бид нар Буддын шашинтангууд гэж өөрсдийгөө хэлэх дуртай ч гэсэн энэхүү шашны мөн чанар, бусад шашнуудаас юугаараа ялгардаг гэх мэтийг тэр бүр мэддэггүй нь тун ч харамсалтай ... Заримдаа бидний өдөр тутам хэрэглэдэг ч гэсэн чухамхүү утгыг нь мэддэгүй үгсийн тайлбарыг хүргэж байна.

Анатман /”Би” бээр байхгүй/

Энэ нь бурхны шашны хамгийн чухал ухагдахууны нэг юм. Бурханы шашны дагуу гэрэлт ертөнцөд мөнх орших юм байхгүй учир хорвоод аливаа юм өөрийн мөн чанаргүй юм.

Анитья /Аливаа юм хувиран өөрчлөгддөг чанартай/

Энэ нь Бурханы шашны хамгийн чухал ухагдахууны нэг юм. Энэ ухагдахууны дагуу хорвоо ертөнцөд бүх юм хувиран өөрчлөгдөх бөгөөд байнга, тогтмол орших юм байхгүй аж. Аливаа амьд амьтан эрт орой хэзээ нэгэн цагт үхэх ёстой. Энэ нь зовлонгийн учир шалтгаан болж байдаг юм. Гэвч хөгжил дэвшил, нөхөн төрөх нь мөн адил байнгын өөрчлөлт хувиралтын үр дагавар мөн учир эл олон үзэлд гутрангуй хандах хэрэггүй.

Бодхисатва /гэгээрэхийг хүсэн тэмүүлсэн хүн/

Анх Гаутама Сиддарта гэгээрэхээсээ өмнө ийм нэртэй байжээ. Махаяна буюу Их хөлөгний шашин үүссэний дараа гэгээрэхийг хүссэн тэмүүлсэн болгоныг ийнхүү бодхисатва буюу бодьсад гэж нэрлэх болсон аж. Сүүлдээ амьд амьтан бүрт дээд язгуурын нигүүлсэнгүй сэтгэлд хөтлөгдөн хандаж, гэгээрүүлэхийг ородож буй хүмүүсийг ч ингэж нэрлэдэг болжээ. Хамгийн их алдаршсан бодьсад нарыг дурьдвал: Авалокитешвара буюу Хонсим бодьсад, Кшитигарбха, Манжишри нар юм.

Будда /Гэгээрч төгс нөгчсөн/

Анх бурханы шашныг үндэслэгч Гаутама Сиддарта /Шагжамуни/-г ингэж нэрлэдэг байжээ. Учир нь тэрбээр 35 насандаа буюу одоогоос 2500 орчим жилийн өмнө Энэтхэгт гэгээрсэн аж. Өөрсдийн хамаардаг дэг, чиглэлээс үл шалтгааланг бурханы шашинтан бүрийн эцсийн зорилго нь Бурхан болоход оршино. Бурхан болох аргууд нь хоорондоо ялгаатай учир бурханы шашин янз янзын дэг, сургуульд хуваагдсан байдаг. Махаяна буюу Их хөлөгний шашинд түүхэн хувь хүн болох Бурхан багшаас гадна Амитабха буюу Аминдава, Махавайрочана буюу Махабярзана, Вайсаржагуру нарын зэрэг бэлгэдэл бүхий олон Буддаг хүлээн зөвшөөрч, тахин шүтдэг. Амар жаргалтай оронд мэндэлсэн хүн бүр бурхан болдог гэсэн “Зол жаргалтай орны онол”-н нөлөөн дор Япон улсад талийгаач болгоныг Бурхан буюу японоор “Хотоке” хэмээн нэрлэдэг.

Дхарма /зөв ном сургаал/

Энэ нь Ялж төгс нөгчсөний номлодог сургаал юм. Бурхан багшийн сургаалд гурван айамаг сав буй. Үүнд: Сударын аймаг сав /Бурхан багшийн айлдвар, яриа/, Винайн аймаг сав /Бурхан багшийн тогтоосон дэг сахилга/, Авидармын аймаг сав /Сударын болон Винайн аймаг савын ном сударт хожмын бурханы шашныг судлагчдын туурьисан тайлбар эргэцүүлэлүүд/ эдгээр багтана. Энэ гурван аймаг савыг нийтэд нь Типитака хэмээнэ. Дхарма буюу Дарма нь бурханы шашны гурван эрдэнийн нэг нь юм.

Карма /үйл/

Хэдийгээр анх энэ үг “үйл” гэсэн жирийн утгатай байсан боловч учир шалтгааны онолтой холбоотойгоор урьд өмнө үйлдсэн янз бүрийн үйлийн үр дүнд хуран хуримтлагдсан нэг ёсны нөөц хүч хэмээн тооцогдох болсон юм. Тодруулбал, хүний үйл бүр сайн, муугаасаа шалтгаалан ирээдүйд сайн эсвэл муу үр дүнд хүргэнэ. Улмаар хүний ирээдүйд нөлөөлөх энэхүү хүчийг карма /үйлийн үр/ хэмээн нэрлэдэг болжээ. Хэрэв сайн үйл бүтээвэл буян хурж, түүний нөөц хүч, тэр үйлийг үйлдсэн хүнийг ирээдүйд сайнаар нөлөөлдөг гэж үзнэ. Хүний үйлс: бие, хэл болон сэтгэлийн гэж гурав хуваагддаг.

Махаяна /Их хөлөг/

Бурханы шашны түүхэнд Махаяна, Хинаяна хэмээх хоёр том урсгалыг тэмдэглэсэн буй. Махаяна буюу Их хөлөгний сургаал Төвд, Хятад, Солонгос, Япон, Монгол болон бусад хойд зүгинй орнуудад, Хинаяны буюу Бага хөлөгний сургаал Бирм, Шри-Ланка /Цейлон/, Тайланд болон урд зүгийн орнуудад түгэн дэлгэрчээ. Махаяна хэмээх нь энэхүү ертөнцөд төрж, үхэж буй бүх амьд амьтны зовлон зүдүүрийг багтааж, тэдгээрийг хооронд нь очүүхэн бээр ялгалгүй цугааранг гэгээрүүлэхээр тээж чаддаг “Их хөлөг” гэсэн утгатай үг юм.

Нирвана /Бүрэн амарлингуй байдал, дээд зэргийн баяр цэнгэл/

Махчилбал “Унтраах, бөхөх” гэсэн үг. Энэ нь сэтгэл юүгээ төгс төгөлдөр болгож, зөв оюун ухааны үндсэн дээр дотоод бясалгал үйлдсэний ачаар хүний бүх буюар, шунал тачаал бүрмөсөн замхран арилсны дараах байдал юм. Ийм байдалд хүрсэн болгоныг бүрхан гэнэ. Гаутама Сиддарта 35 намтай байхдаа ийм нөхцөлд хүрч бурхан багш болжээ. Гэвч одоо тэрбээр бүрэн амарлингуй байдалд гагцхүү амьсгаа хураасны дараа хүрсэн гэж үзэж байгаа юм. Учир нь хүний бие махбод амьдарч байгаа бол түүний бузар мөн адил оршсон хэвээр байдаг аж.

Пали /хэл/

Энэ нь Хинаяны буюу Бага хөлөгний сургаалын хэл юм. Бурханы шашны хамгийн эртний ном судрыг энэ хэлээр тэмдэглэн бичсэн гэж үздэг. Энэ бол самгарьд хэлний нэг аялгуу учраас энэ хоёр хэлний хооронд төдийлөн их ялгаа байгүй. Үлгэрлэвэл, самгарьдаар Дхарма гэдэг бол палигаар Дхамма, самгарьдаар Нирвана бол, палигаар Ниббана юм.

Парамита /цаад талын эрэгт хүргэдэг хэрэгсэл/

“Цаад талын эрэгт хүргэдэг хэрэгсэл” нь Бурхан багшийн ертөнцөд хүрэхийн тулд хүний хэрэглэдэг арга хэрэгсэл билээ. Өглөгч зан, ёс суртахуун, тэвчээр хатуужил, зориг, бясалгах чадвар, оюун ухаан зэрэг хүний төрөх, үхэхийн ертөнцөөс гэгээрэхийн ертөнцөд авчирдаг 6 парамит буюу барамид буй гэж үздэг. Японы хавар, намрын Хиган хэмээх долоон хоногууд бурханы шашны энэхүү ухагдахуунаас үүдэн гарчээ.

Пражня /Оюун билиг/

Энэ нь 6 барамидын нэг нь билээ. Энэ бол хүний амьдралд зөв хандах, үнэнийг төөргдлөөс ялгах сэтгэлийн чадвар юм. Энэхүү чадварыг олсон хүнийг бурхан багш хэмээнэ. Тиймээс энэ бол ердийн хүний ухаанаас ялгаатай хамгийн ариун тунгалаг, гээрээрсэн оюун юм.

Сангха /Бурханы олон шавь хуврагууд/

Бурханы шашны лам хуврагуудад гэлэн, гэлэнмаа, тодорхой сахил хүртэж тангараг өргөсөн хүмүүс тооцогдоно. Анх тэдгээрийн тоонд гагцхүү бадар барьдаг гэлэн, гэлэнмаа нар ордог байжээ. Хожим нь Махаяна буюу Их хөлөгний сургаал хөгжиж дэлгэрэхэд Сангха буюу Сангагийн тоонд гэлэнгүүдээс гадна бодьсадын зиндаанд хүрэхийг хүссэн бүх хүн тооцогдох болсон аж. Энэ нь бурханы шашны гурван эрдэнийн нэг юм.

Санскрит /хэл/

Энэ бол Энэтхэг-Европын хэлний аймагт багтдаг, эртний Энэтхэгийн сонгодог бичгийн хэл юм. Түүнийг ведийн болон сонгодог санскрит буюу самгарьд гэж хуваадаг. Махаяны буюу Их хөлөгний сургаалын ном судрыг энэ бичгээр тэмдэглэсэн бөгөөд түүний найруулгыг даган бурханы шашны холимог санскрит гэдэг билээ.

Сансара /дахин дахин төрөхийн гинжин хэлхээс/

Энэ бол наракийн оршин суугч, бирд, амьтан, хүн, асур, тэнгэр нар зэрэг зургаан ертөнцөд өнгөрснөөс өнөөдрийг дамжин ирээдүйд эцэс төгсгөлгүй үхэх төрөх давтагдахын нэр юм. Хүн гэгээрч эс чадваас энэхүү төрж үхэхийн тойрогт байнга эргэлдэхийн заяатай юм. Энэхүү тойргоос гарч чадсан хүнийг Бурхан гэдэг.

Шуньята /Хоосон чанар/

Энэ нь бурханы шашны хамгийн чухал ухагдахууны нэг юм. Энэхүү ухагдахууны дагуу гэрэлт ертөнцөд аливаа юм мөн чанаргүй бөгөөд мөнх оршихгүй юм. Эд юмс учир шалтгааны нарийн холбоотой тул өөрийн мөн чанар бүхий байнга тогтмол орших юм байхгүй. Тийм учраас юм бүхэн мөн чанартай эсвэл юу ч мөн чанаргүй хэмээн аль алинд нь хатуу итгэж үл болно. Энэ ертөнцөд аливаа юмны орших нь харьцангуй бөгөөд үнэмлэхүй чанартай юм байхгүй билээ. Энэ бол Махаяны буюу Их хөлөгний сургаалын Пражнягийн сударын гол ухагдахуун юм.

Сутра /Ариун хөлгөн судар/

Бурхан багшийн номлолыг бичиж тэмдэглэснийг ингэж нэрлэдэг. Анх энэ үг эрдэм шинжилгээний ном, мэргэн үгсийн эмхэтгэлийн нэр байжээ. Сутра буюу судар нь Типитакийн нэг аймаг сав билээ.

Тхеравада /Хинаяна буюу Бага хөлөгний сургаал/

Энэ бол өмнө зүгийн уламжлалын бурханы шашинтан нарын гаргадаг нэгэн ердийн дуу авиа юм. “Тхера” нь ахмад гэсэн үг. Энэ бол түүхийн үүднээс үзэхэд бурхан багшийн сургаалыг хатуу чанд баримталдаг нэг хэсэг ахмад лам нарыг төлөөлсөн ахмадуудын дэг юм. Тэд нарын эсрэг арай дэвшилттэй сэтгэдэг өөр нэгэн хэсэг лам байсан билээ. Хожим нь тэдний үзэл бодол махаяны хүрээнд хөгжиж дэгжсэн. Энэ бол хойд зүгийн уламжлал билээ. Ийм хагарал бүр бурханы шашны эхний үед, Бурхан багшийн таала төгссөнөөс хойш хэдхэн зуун өнгөрсний дараа, тэр үед дэвшилттэй хэмээн тооцогдож байсан Махадэва лам, Бурхан багшийн сургаалын таван аймгийг урьд өмнөхөөс арай чөлөөтэй номлож болно хэмээн үзэж эхлэхэд тодорсон юм. Эцсийн эцэст энэ зөрчил хоёр дэг болж хуваагдсанаар шийдвэрлэгдсэн юм. Хожим нь махасангхикийн дэг Махаяны сургаалыг боловсруулсан билээ.

Типитака /Гурван аймаг сав/

Энэ бол бурханы шашны ариун ном судрын гурван аймаг савын нэр Дармууд юм. Үүнд: Бурхан багшийн айлдвар, мэргэн сургаалыг эмхэтгэсэн Сударын аймаг сав, бурханы шашны вам хуврагуудын баримтлах ёстой эртнйи дэг сахилыг эмхэтгэсэн Винайн аймаг сав, метафизикийн эрэгцүүлэлүүдийг эмхэтгэсэн Авидармын аймаг сав эдгээр болно. Хожим нь Хятад, Японы бурханы шашны суут эрдэмтэн мэргэдийн бүтээлүүд бурханы шашны ном сударт багтан ордог болсон байна. Дхарма-г үз.

Бурхан багшийн сургаал номноос ...

1 comment:

  1. Намо Амитаба! Намо Гүрү!

    ReplyDelete