Tuesday, October 27, 2009

Байж болох л юм ...

Бид өдөр бүр хажуугаар нь өнгөрч, дунд нь орж байдаг мөртлөө тийм сайхан, үзэсгэлэнтэй, дахин давтагдашгүй үзэгдлүүдийг байдаг гэдгийг мэдсэнгүй байжээ.
Замын бөглөрөл, хог хаягдал, утаа тортог, уцаарласан хүмүүс бүгдээрээ л хотын өнгө төрх юм уу даа ...

Thursday, October 22, 2009

Юуг маркетингдаж болохгүй вэ?

Юуг маркетингдаж болохгүй вэ гэхээс өмнө маркетинг хийх гэж юу вэ гэдгийг ойлгох нь чухал байна. Учирлавал, маш олон харилцаанд та бид маркетингийн мэргэжилтэн болдог. Та өдөр бүр маркетингийн үйл ажиллагаанд их бага хэмжээгээр оролцдог учир өөрийгөө маркетингийн нэлээд туршлагатай, маш олон ойлголт зарчмыг мэддэг болчихсон гэдэгт найдаж болно.

Өглөө босохоос аваад л орой унтах хүртлээ та бид пүүсүүдийн явуулж буй маркетингийн үйл ажиллагаануудтай нүүр тулгарч, өөрсдөө ажилд орохдоо хүртэл анхны сэтгэгдэлийг сайхан үлдээчих санаатай ямар нэг маркетингийн санааг хэрэглэж байна. (Түвшинзаяа, 2006) Тэгэхээр маркетинг гэдэг нь нэг талаас зах зээл судлалын ухаан, нөгөө талаас зах зээл рүү хандсан хүмүүсийн үйл ажиллагаа юм. (J.Baker, 2005) Иймд бид өдөр тутам сонгох сонгогдохын огтлолцол дээр амьдрарч байгаагийн хувьд зах зээллэг хийж болохгүй зүйл гэж байдаггүй юм байна.

Хүмүүсийн амьдралд зөвхөн сайн маркетинг хийх гэсэн гарцаагүй ганц сонголт байдаг /магадгүй энэ нь хүн болж төрсний утга учир ч юм билүү/ учраас үүнийг хэрхэн сайн гүйцэлдүүлэх вэ гэдэг нь л өөдлөх үү, уруудах уу гэдгийг шийддэг. Энэ нь амьд амьтад дэлхий дээр оршин байгаагийн хувьд байгаль физикийн хуулинд захирагдаж байдаг шиг хүн төрөлхтөн зах зээлийн нийгэмд амьдарч байгаагийн хувьд маркетингийн хуулийн дагуу аж төрөх жамтай. Таны маркетингийн хөтөлбөрүүд маркетингийн хуулиудтай зохицолдсоноор амжилт өөдөө таныг татах болно. Эдгээрээс дурдвал: (Ол Райс, 2004)

Манлайллын хууль. Нейл Армстронг 1969 оны 7-р сарын 20-нд Лунар хөлгөөр саран дээр бууж анх удаа хүн төрөлхтөний мөрийг тэртээд тамгалсан билээ. Бараг бүх хүн түүний тухай их бага хэмжээгээр дуулсан, сонссон байдаг. Гэтэл дэлхийн үнэнч дагуулын зүг жолоо дарсан хоёрдахь хүний тухай хүмүүс тэр бүр мэддэггүй. Н.Армстронг шиг та амьдралдаа хэрэгжүүлж болохуйц сайхан санаануудыг биелүүлж гүйцэлдүүлсэн анхдагч нь байгаарай.

Зарим тохиолдолд №1 байхад үнэхээр хэцүү нөхцөл байдал үүсдэг. Өрсөлдөгч чинь танаас хувь илүү тасарчихсан байвал хүчтэй №2 байхыг хичээх хэрэгтэй бөгөөд хоёрдугаар байрны төлөөх тэмцэлд сүүлчийн бүлэг хүмүүс, цөөнхийг өөртөө татсанаар ялах боломжтой. Яг л Бургер кинг компани Макдоналдс-г гүйцэхгүй ч баттай номер хоёр брэнд болж дэлхийн олон ард түмэнд танигдсан шиг.

Байрлалын хууль. Харин та ямар нэг шинэ санааг хэрэгжүүлэхийнхээ өмнө, өрсөлдөөнд орохынхоо өмнө өөрөөсөө дараах асуултуудыг асуугаарай. Би өөрийнхөө хүрээллийн хүмүүсийн ухамсарын шатны чухам хаана нь байна вэ? Хамгийн дээд гишгүүр дээр үү? Хоёрдох уу? Эсвэл шатан дээр байхгүй ч байж магадгүй. Таны өмчилдөг шат маш доор байж болно. Та хүмүүсийн ухамсарт хэр удаан орсон, тэрчлэн та шатны аль хэсэг дээр байна вэ гэдгээс таны хэрэглэх маркетингийн стратеги хамаарна.

Амьдрал бол эцэс төгсгөлгүй, мөнхийн тэмцэл гэж үздэг, иймээс хүмүүс тэргүүлэгчид хамгийн сайн байх ёстой гэсэн итгэл үнэмшилдээ хөтлөгдөн шатны дээд талын гишгүүр дээрх хоёр лидерийг сонгодог. Тэрхүү өндөрлөгт хүрэх нь зүй ёсны хэрэг боловч басхүү түүн дээр богино хугацаанд зогсоод буухаас, урт хугацаанд бат зогсохоор тэмүүлэх нь хэрэгтэй юу гэдгийг бодолцох хэрэгтэй. Гэмт хэрэгтэн банк дээрэмдэж 100000 доллар хулгайлаад үүнийхээ төлөө 10 жилийг шоронд өнгөрөөхийн оронд жилийн 10000 долларын орлоготой 10 арван жил хөдөлмөрлөх эсэх нь түүний үзэл бодлоос шалтгаалах хэрэг.

Өнөөдөр та амжилтанд хүрэхийн хүсэж байгаа бол ямар нэг зүйлийг золиослох хэрэгтэй. Миний мэдэх нэгэн танил Түмнээ маань өсвөр насныхны сонирхдог бүхий л зүйлсийг хийж сурахыг эрмэлзэдэг. Сургууль дээрээ онц сурлагатан болох гэж, гудамжны шийдэн дээр шилдэг сагсчин болох гэж, найзуудын олон хүрээлэлд байр сууриа хадгалах гэж энэ биеэ хэд хуваадаг залуу. Өнгөц харахад 10 хуруу тэгш, төгс залуу, үнэн хэрэг дээрээ хагас боловсруулсан дутуу залуу. Сургууль дээр Алдар гавал нь, зааланд Билгүүн жордан нь, паракц дотроо Ганаа толгойлогч нь, харин мань Түмнээ хаана нь ч юу ч үгүй. Үүнийг монголчууд бид хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордог гэхчлэн тайлбарласан ч байдаг. Хэдийгээр даяарчлагдаж буй дэлхий олон талын авьяас, мэдлэг дадлагатай, universal хүнийг шаардаж байгаа ч гэсэн нэг салбарт гүнзгий чадвартай экспертүүдийн цуглуулга баг нь universal бүлгээс илт давуу чадалтай байдаг нь практик дээр харагддаг. Энэ нь төвлөрөлийн хуулийн нэгэн жишээ.

Дээрх хуулиудыг өөртөө ашигтай эргүүлээд маркетингээ та амжилттай явууллаа гэхэд таны дайсан нь биеэ тоох явдал юм. Хүмүүс амжилтанд хүрмэгцээ л зорилгоо умартах хандлагатай болдог. Тэд ихэнхдээ зах зээл юуг хүсэж байна вэ гэдгийг өөрсдийн үзэл бодолдоо оруулж төөрөлддөг. Таны нэр хүнд бусдад танигдах байдал нь газар авах тусам магадгүй та хүрээ тэлэлтийн занганд орох магадлал илүү өндөрсдөг. Үнэндээ, өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Энэ нь таныг урагшлахад нэн тустай хөдөлгөгч хүч болдог. Гэхдээ энэ нь таныг биеэ тоосон бардам зантай гарга гэсэн үг биш юм. Мөн шударга байр суурийг хадгалж, сөрөг талаа хүлээн зөвшөөрвөл бусад тань танд эергээр хандах болно. /Listerin компани өөрийн үйлдвэрлэдэг ам зайлагчийнхаа амтыг муухай гэдгийг, хэрэглэгчид нь үүнийг нь мэддэг гэдгийг хүлээн зөвшөөрснөөр эм гашуун боловч өвчинд тустай гэдэг үгийг хэрэглэгчдийнхээ сэтгэлд хадаж, борлуулалтын хэмжээгээ ихэсгэж чадсан юм/

Та алдаж болно, алдаагаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч тэр тал дээр ямар нэг арга хэмжээ авахгүй байна гэдэг бол таны карьерт муу үр дагавартай. Уналтыг эрт таньж, алдагдлыг таслан зогсоох нь илүү сайн стратеги юм. Япон хүмүүс алдаа гаргаснаа эрт ухаарч, зайлшгүй өөрчлөлтүүдийг хийх чадвартай мэт санагддаг. Монгол хүн яагаад япон хүний зарим чанарыг дууриаж болохгүй гэж, тэдний хүлээн зөвшөөрөгдсөн менежментийн хэв маяг нь өөрийгөө хэт өргөмжлөх үзлээс ангижрахад чиглэгдэж байдаг. (Ц.Рэгзэнбазар, 2006)

Эдгээр амьдрал хэмээх зах зээл дээрх хуулиуд нь хувь хүнээс авахуулаад, үндэстэн дамнасан корпораци, улс орны хэмжээнд яригдаж байгаа нь энэхүү зүй тогтол нь нийгмийн амьдралын аль ч түвшинд биелдэгийг нь баталж байна.

Гажилт: Хууль зүй, ёс зүйн хэм хэмжээнээс давсан асуудлуудад дээрх хуулиуд эсрэгээр үйлчилдэг. Агаарын бохирдол, хог хаягдал гэх мэт сөрөг экстернальтай бүтээгдэхүүн, үйлчилгээний хувьд эдийн засгийн үл үзэгдэх гарын зарчим сөргөөр үйлчилдэг шиг биеэ үнэлэлт, хар тамхи мансууруулах бодис, үр хөндөлт гэх мэт бараа, хүмүүсийг турхирах, бослого гаргах зэрэг зүй зохисгүй үйлдлийн хувьд маркетингийн дээрх хуулиуд мөн адил сайнаар дэмжиж өгдөг. /А.Гитлер амьдрал дээр маш сайн маркетэр байсан боловч тэр өөрийн чадвараа буруу зүйлд ашигласнаас болж дэлхийн цуст II дайн дэгдсэн юм/

Эцсийн эцэст зөв ууланд авирч сурах нь дээр үү, ууланд зөв авирч сурсан нь дээр үү? гэдгийг бодолцож үзэх л үдэх шив дээ ...

Tuesday, October 20, 2009

Өнөөдөр ...

Төв азийн зүрхэнд булиглах монголчууд бид ардчилал, хүний эрх-эрх чөлөөг хүндэтгэж, чөлөөт зах зээлийн нийгэм рүү шилжсэнээс хойш даруй 20 шахам жил өнгөрчээ. Төдийгөөс өдийг хүртэл өөрчлөлт шинэчлэл хийснээр багагүй бартааг туулсан хэдий ч хорвоо дэлхий уужим, хийх ажил их байсаар л ...
Өнөөдөр та бид өөрсдийн бизнесийн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх бүрэн эрхтэй чөлөөт агентүүд билээ. Гэтэл нүд байгаад сохор гэдэг шиг яагаад бидний эрх чөлөөт арилжааны үйл ажиллагаа маань баар цэнгээний газар төдийхнөөр хязгаарлагдаж байгаа юм бэ?
Уул шугамандаа ардчилал хэмээх өргөөний түгжээг тайлж орсноор та бид нарт ашиг хонжоо олж болохуйц маш олон өрөө, тасалгаа, хонгил бүр цаашилбал гадагшаа гарах гарц хүртэл нээлттэй болсон биш билүү!
Ардчилалын түлхүүрийг олсон ч гэсэн бид нар амьдрах аргаа олоогүй байгаа нь тэр олон боломжит тасалгаанууд байхад угаалтуурын өрөөнд хөлчүүрч амьдарч байгаагаас харагдаж байна.
Арай гайгүй явж байгаа нэг нь хувиа бодож хэм хэмжээ гэгчийг өөртөө зориулж зохиож байна. Томоохон бизнесийн байгууллагууд төрийн түшээдээс хэн нэгнийг худалдаж авч хууль эрх зүйн таатай орчныг өөрсдийн эрх ашигт нийцүүлж байгаа нь заримдаа илт мэдрэгддэг. Эдгээрийн явуулж буй лобби нь тийм чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бага хэмжээний, хөлөө олж чадан тэмтчиж байгаа олон компаниудыг газрын хөрснөөс арчих нь том ахынх нь толгойг эргүүлж гэргий нь болсон зальтай бэр эгч дүү нарыгаа дээрэлхэхтэй агаар нэг.
Өөр тусдаа өрөөнд орох хүсэлт эцэг, эхдээ тавьбаас барагтай бол хариу хэлдэггүй хүнд суртал гэдэг муу зуршилтай аав, ээж маань бэлэг барьж орж ирсэн хүний түмэн хүслийг биелүүлэхээс татгалзахгүй авилгал гэдэг хүнд өвчнөөр өвдчихсөн байгаа нь эмгэнэлтэй.
Үүний үр дүнд боловсролын салбар тэр дундаа их, дээд сургууль нь монголд нэгэн төрлийн багагүй орлоготой бизнес болж дээ. Арга ч үгүй биз, дээд боловсролтой хүний авах цалингийн түвшин нэмэгдэх тусам хүн бүр дипломтой болохыг хүснэ. Тийм хүслээр тоглож мөнгө олох санаатай бүлэг байлгүй л яахав, гэхдээ тэдэнд зөвшөөрлийг нь хэн олгодог билээ.
Хүүхдүүдийнхээ боловсролын асуудлыг гар цайлгах хэдэн төгрөгөөр сольсон ээж, аав маань сувилалд эмчлүүлж, биеэ тордмоор юм.
За тэгээд гэртээ хоол хийж иддэггүй айл байна гээд боддоо. Өдөр бүр гуанз, ресторанаар зоог барьж өөрсдийн мөнгийг тэдэнд өгч байгаа нь дэлгүүрийн лангуун дээр made in Mongolia гэсэн хүнсний бүтээгдэхүүн байхгүй байгаараар батлагдаж байна. Гэрийн хоол гэж мэдэхгүй хүмүүст монголд үйлдвэрлэсэн хувцас, электрон бараа, тавилга гэх мэт өргөн хэрэглээний бараа гэсэн ойлголт байхгүй нь ойлгомжтой шүү дээ.
Үнэхээр гэрийн эздийн тэнхээ чадал хүрэхгүй, бусдаас хөрөнгө оруулалт шаарддаг өрөөг гадны хүмүүст түрээслэх нь зүй ёсны хэрэг /Айвенхоу майнз – Оюутолгой/. Эдгээр хармаа нь бидэнд Их Британи улс Хонг-Конгийг хөгжүүлж өгсөн шиг тун удалгүй их хэмжээний эдийн засгийн болон нийгмийн ашгийг хамтад нь авчирна. Хэдий тийм боловч гэр бүлийн гишүүд зайлшгүй байх ёстой зарим өрөөнд /барилгын салбар/ хятад солонгос нь мэдэгдэхгүй данжаад нар орогнох болж, өнөөдөр. Монгол залуусын ажлын орон тоог иймэрхүү аргаар бөглөснөөр ажилгүйдлийн түвшин багагүй хэмжээнд тодорхойлогдож байна, ажиллах хүчний оролцоо нь хэзээч төгсөшгүй гэрийн дээдийг дүүргэхээс өөр аргагүй байдалд оруулж байна.
Хар цагаан хосолсон манай гэр иймэрхүү янзтай өдөр хоногийг өнгөрөөж, өнгөц харахад өрөвдөлтэй байдалтай байна. Гэхдээ үнэн чанартаа баян хөрш японыг бодвол нүсэр том карказ зангидсан байшин байна. Энэхүү үл хөдлөх хөрөнгө нь урт хугацаанд бидэнд ашиглагдах хамгийн үнэтэй баялгуудын нэг юм. Онгироо саахалт америкийг бодвол онгойлгоогүй байгаа өрөө зөндөө байна. Хамгийн наад зах нь хөрөнгийн зах зээл өнөөдөр монголд эзгүй шахам, хувьцаа бонд төдийхнөөр хязгаарлагдаж байна. Зөвхөн нэг өрөө Нью-Йоркын хөрөнгийн биржийн дайтай болоход өнөөдөр бидэнд үр ашгаа өгч байгаа өрөөнүүд ямар хэмжээнд хүрэхийг төсөөлөмгүй. Харин дээр дурдсан хүнд проблеймууд бол өсвөр насандаа хүүхэд шилжилтийн насыг дайрч өнгөрөхдөө болох болохгүй юм бүгдийг үздэг шиг хөгжиж буй улсуудын шилжилтийн үед тохиолддог байдаг л зүйлс юм.
Азийн арслан монгол гэгдэх цаг бидэн рүү гэрлийн хурдаар асуй. Гагцхүү тэр болтол тэсэх л хэрэгтэй. Эр өсч эсгий сунахын цагт хөх толбот ард түмэн бидний дэлхийг байлдан дагуулах хоёрдах эрин эхлэх болно.