Saturday, December 19, 2009

Big TRADE-OFF

Хүмүүс бид өдөр тутмын амьдралд үргэлж шийдвэр гаргаж байдаг бөгөөд тэр бүрт Trade-off-той нүүр тулгарч байдаг билээ. Дэлгүүрт ороод талх авах уу, гурилан боов авах уу, хэрэв талх авбал хольцонд нь жимсний чанамал авах уу, цөцгийн тос авах уу... Найзуудтайгаа цагийг хөгжилтэй өнгөрүүлэх үү, үгүй бол оронд нь маргаашийн эдийн засгийн онолын хичээлийн шалгалтанд бэлдэх үү гэх мэт маш олон сонголтуудын боломжит хувилбарууд бидний эргэн тойронд маань хэлхэлдэж байдаг. Хүмүүс ч энэ болгонд өөрт алдагдсан боломжийн өртөг хамгийн бага байх тэр сонголтыг хийдэг. Магадгүй талхан дээр цөцгийн тос түрхэж идэх дуртай хүн байж болно шүү дээ, тиймдээ ч түүний хийж болох сонголтын алдагдаж байгаа зардал нь гурилан боов эсвэл жимсний чанамал юм.
Энэ бүх сонголтуудыг томоохон хэмжээтэйгээр хийж байгааг Big TRADE-OFF гэж байгаа юм. Засгийн газар макро эдийн засгийн үндсэн асуудлуудыг шийдвэрлэхийн тулд инфляцийг хэвийн түвшинд барих, эдийн засгийн өсөлтийг хангах 2-н хооронд Trade-off хийдэг. Өөрөөр хэлбэл эдийн засаг өсөлттэй байна гэдэг үйлдвэрлэлийг дэмжинэ гэсэн үг, үйлдвэрлэлийг дэмжсэн бодлого явуулахад цаана нь үйлдвэрлэгчдийг урамшуулах инфляцийн өсөлттэй нүүр тулгардаг, эс бөгөөс инфляцийг хэвийн түвшинд барьж эдийн засгийн өсөлтийн талаар мартана гэсэн үг юм. Өнөөдрийн байдлаар Монгол улсын засгийн газар орлогын тэгш хуваарилалт болон үр ашигтай байдал гэх 2 сонголтын эхнийхийг нь илүүд үзэж шийдвэр гаргасан нь АБӨ бага гэж үзээд монгол улсын насанд хүрээгүй иргэн бүрт хүүхдийн мөнгө, шинээр гэрлэсэн хосуудад 500,000 төгрөг тэднээс төрсөн нялх үрсэд 100,000 төгрөгний хавтгайрсан халамжийг олгож байна. Саяхан үүн дээр нэмээд Оюу-толгойн хөрөнгө оруулалтын гэрээнээс орж ирэх мөнгийг иргэн бүрт 1,500,000 төгрөгийн хишиг хүртээх хуулийн төслийн баталсан билээ.
Энэ нь мэдээж бид бэлэн мөнгө гартаа авч нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөөс татгалзсан үзэгдэл боловч энд эрэлтээс үүссэн инфляци гээч урилгагүй зочин бидний зам дээр гарч ирсэн нь 70-н вафли 150 болсон, 50-н мишка чихэр 90 төгрөгт хүртэл үнээ өсгөснөөр харагдаж байна. За яахав хүн бүр тэгш байдалд шийдвэр гаргаж байвал үнийн өсөлт ч яамай...
Гэтэл нохой нь хүртэл буруу хуцдаг монголын гажуудалтай тогтолцооны уршгаар мөнгийг баруун солгойгүй цацсан ч орлогын тэгш хуваарилалт явагдахгүй байна. Нэгэн бяцхан жаалын хүсэлтээр аав нь түүнд тоглоомон машин авч өгсөн нь дунд сургуулийн туршлагатай багшийн сарын цалингаас өндөр үнэтэй байна шүү дээ, нөгөө Лоренцийн муруй хэвтээ тэнхлэгтэй наалдах нь ээ. Уул нь бид нар чинь түм буман боломжит хувилбаруудын эргэн тойронд амьдарч байж яагаад заавал ийм солгой сонголтыг Big TRADE-OFF байдлаар хийж орхив доо ... !!!

Эрхэм хүндэт эдийн засагчид аа ...

Нэгэнт миний бие СЭЗДС-н БЭЗ ангид сурч байгаагийн учир ямар нэгэн статисикийн тоо баримт, өгөгдөл, мэдээлэлийн шаардлагатай ойр ойрхон тулгардаг билээ. Тиймээс өөрт буй 2008 оны статистикийн эмхэтгэлийг мэргэжил нэгт анд нөхөддөө хэрэг болох байх гэсэн үүднээс хүргэж байна. ГоГо дээр шээрлэсэн тул 7 хоногийн дотор татаж авах шаардлагатайг анхаарна уу !!! /2009.12.19/
татах

Tuesday, December 8, 2009

Marketing

Сонгох сонгогдохын огтлолцол дээр орших маркетингийн шинжлэх ухаан нь нийгэм дэх бүхий л үйл ажиллагаанд тусгалаа олдог нь маркетингийн хөдлөшгүй 22 хуулиар аль хэдийн батлагдсан билээ. Харин энэхүү хуулийг зөв ашигласнаар нийгмийн сайн сайхан байдалд хэрхэн нөлөөлөх, түүнд ямар байдлаар хувь нэмэрээ оруулах талаар одоо авч үзье.

Нийгмийн гишүүн бүр өөрийн ашиг сонирхлын төлөө үйл ажиллагаа явуулдаг, хувиа хичээсэн байдаг. Хэдийгээр энэ хар амиа бодсон үйлдэл нь бусдад сөрөг нөлөө үзүүлэх мэт харагдах боловч үнэн хэрэгтээ хүн бүр ийм үйл ажиллагаа явуулснаар бие биенийхээ хүсэл зоригийг хангаж нийгэмд сайн сайхан байдал тогтдог гэж Адам Смит 1776 онд хэвлүүлсэн “Үндэсний баялаг” хэмээх алдарт бүтээлдээ тэмдэглэсэн байдаг. Үүнийг арай ондоо өнцгөөс ажиглавал өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй бизнесийн байгууллага бүр маркетингийн зөв стратеги баримталбал, хүн бүр маркетингийн зөв бодлого боловсруулж амьдарвал нийгэм өөрөө үл үзэгдэгч гарны тусламжтай сайн сайхан байдал руу тэмүүлнэ гэсэн үг юм.

Нийт зах зээл дээр ажиллаж буй пүүсүүдийг та газрын зураг дээр буй мэт ажиглаад үз дээ, аалзны тор шиг нарийн уялдаатай, нэгнийх нь гаргасан шийдвэр-явуулсан үйл ажиллагаа нөгөөд нь шууд болон шууд бусаар нөлөөлж байгаа биз. Цаашлаад масштабыг нь багасгаад харвал нэг салбарт ажиллаж байгаа пүүсүүд зах зээлээ хуваад авчихсан анд нөхөд лугаа ажиллаж байгаа биз. Өөрөөр хэлбэл нэг салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын өрсөлдөөн юм. Өрсөлдөх гэдгийг шууд утгаар нь нэг нь нөгөөгөө нухчин дарах гэж ойлгогдох боловч бизнесийн орчинд энэ нь ижилхэн бараа үйлчилгээ хэрэглэгчдэд санал болгодог компаниуд бие биенээсээ ялгарч хэрэглэгчдээ татах гэсэн утгыг агуулна. Тийм ч учраас маркетингийн зөв стратеги баримталсан байгууллага оршин байна, эс бөгөөс зах зээлийн хуулийн дагуу зах зээлээс шахагдан гарна. Гэхдээ нийгмийн амьдралд орогнох байр мундахгүй олддог нь гайхалтай, бүүр хүнд нөхцөлд орвол сул зай эзэмшигч байсан ч болно. Хамгийн гол нь өөртөө ашигтай ажиллах нь чухал юм. (ашиг гэдэг юугаар ч хэмжигдэж болно)

Нийгэмд амьдарч буй хүмүүс өөрт буй хязгаарлагдмал нөөцөөрөө хязгааргүй хэрэгцээгээ хангахын төлөө эцэс төгсгөлгүй шийдвэр гаргаж байдаг боловч шийдвэр бүр оновчтой байдаггүй билээ. Хомс нөөцийнхөө хүрээнд оновчтой сонголтыг хийж байгаа хүмүүсийг ажиглавал оюун санаандаа нарийн судалгаа хийж (ажиглалтын аргаар) түүнийхээ үр дүнд тулгуурлан шийдвэр гаргаж байгаа харагддаг. Мөн тэдгээр хүмүүс нийгэм хамт олныхоо дунд өөрийн гэсэн имиж (brand), хоногшилтыг бий болгосон байдаг. Жишээлбэл: өөртөө итгэлтэй байдал, онгироо зан, урт үс, бага зэргийн сахалтай СЭЗДС-н багш хэн бэ гэвэл СЭЗДС-н оюутнууд дуу нэг ЭЭТ-н багш Гансүлд гэж хэлэх байх. Энэ бол хүмүүс бид өөрсдөө ч мэдэлгүй маркетингийн үйл ажиллагаа явуулдаг болохын нэг тод илрэл юм.

Дээр дурдсанчлан сонгох сонгогдохын огтлолцолыг маркетинг гэдэг юм бол нийгэмд хүмүүс хоорондоо, хүмүүс байгууллагатай, байгууллага байгууллагатайгаа харилцаанд орж ямар нэг зүйлийг биенээсээ сонгож, бие биедээ сонгуулдаг, маркетингийг үүсгэж байдаг. Харин тэрхүү үүсэн бий болсон маркетингийг чанарын өндөр түвшинд явуулж өөр хоорондын хэрэгцээ, шаардлагыг хангаж чадвал сайн сайхан нийгмийг цогцлоож болно.

Энэ бүгдийг нэгтгэн дүгнэвэл амьдрал өөрөө маркетинг юм, аз жаргалыг бид өөрсдөө бүтээдэг юм ...

Friday, December 4, 2009

Шарга Морьт овогт Даашинхүүгийн Гансүлд багшийн "дунд түвшний микро эдийн засгийн онол" хичээлийн лекцийн тэмдэглэл

Богино хугацааны нийлүүлэлтийн муруй X/22
Үйлдвэрлэлийн богино хугацаанд (Фобус) үйлдвэрлэл явуулах, эсвэл үйлдвэрлэлээ зогсоох шийдвэрээ хэрхэн гаргадаг вэ? гэсэн асуултанд хариулахын тулд биеийн тамираар хичээллэх ёстой бөгөөд дараах тохиолдлуудад шинжилгээ хийнэ.
(энд нөгөө таван нөхцлийг нь бичих гэсэн чинь google намайг бичиж болохгүй гээд алдаа заагаад байхаар нь бичсэнгүй, тэгсэн ч надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байлгүй дээ)

Дээрх нөхцлүүд дээр үндэслэн пүүсийн short-run supply curve-г MR ба demand, AVC, MC curves-г ашиглан графикт дүрсэлье.

ТӨЗЗ дээр ажиллаж буй пүүсийн эрэлтийн муруй P,=MR, гэсэн байрлал дээр байна гэж үзье. Энэ тохиолдолд пүүс ашгаа max байлгахуйцаар үйлдвэрлэлийн тоо хэмжээг сонгоно гэж үзвэл үнийн тоо хэмжээ бүрт харгалзах AVC>P байна. Иймээс энэ тохиолдолд үйлдвэрлэл явуулахгүй бөгөөд нийлүүлэлтийн муруйг босоо тэнхлэгтэй давхцсан хэлбэрээр дүрсэлнэ.

Харин эрэлтийн муруй P.=MR. гэсэн байрлалд байвал пүүс п-max байлгахуйцаар үйлдвэрлэлийн тоо хэмжээг сонгож буй тохиолдолд үйлдвэрлэлийн тоо хэмжээ бүрт харгалзах P>AVC байна. Энэ нөхцөлд ТӨЗЗ дээрх пүүс эдийн засгийн ашигтай, алдагдалтай эсвэл хэвийн ашигтай ажиллаж болно.

Гэвч онолын хувьд пүүс product-г ЗЗ-д нийлүүлэх боломж байгаа гэдэг утгаараа MC-н муруй AVC-тэй огтлолцсон цэгээс дээшхи хэсгээр пүүсийн short-run supply curve дүрслэгдэнэ завсарла цэг.

Tuesday, December 1, 2009

Fairy tale

Эрт урьдын цагт нэгэн охин эцэг эхгүй өнчин ганцаараа амьдран суудаг байжээ. Нас бие гүйцэхийн хэрээр түүний гоо үзэсгэлэн цогцлон бүрдэх нь тэр гэнэ.
Нэгэн нарлаг өдөр охин унд, хүнсээ цуглуулахаар зах руу явах болов. Урдын л адил дуу аялаад, эргэн тойрноо сониуч хүүхэд шиг ажиглан явж байтал гэнэт түүнтэй нэгэн залуу мөргөлдөж охины гарнаас тортой алим нь мултран унах нь тэр гэнэ. Анзааргагүй зангаасаа болж эмэгтэй хүнийг гэмтээх шахсан залуу санаа зовинон охинд алимыг нь түүлцэж өгч байтал хаашаа ч бултаж боломгүй тийм гэнэхэн, хайр татсан нүдний харц залуу хүүг дөнгөлж орхиж гэнэ. "Уучлаарай өөртөө чинь танилцаж болох уу намайг ... гэдэг, намайг уучлаарай бүх зүйл надаас болсон" гэж түгдэрэн хэлэхэд бүсгүй хариуд нь "Зүгээр дээ миний л болгоомжгүйнх, намайг ... гэдэг. За за би явлаа" гээд царай нь улайгаад гүйгээд явчихав. Тэр мөчөөс хойш залуу бүсгүй, залуу хүү 2 нэгэн ижил шаналалд унах нь тэр гэнэ.
Үргэлжлэл бий ...

Tuesday, November 10, 2009

Хүний амьдралын гогцоо юу юм бол доо?

Ойрын хэд хоног юу болсын бол миний хувьд амьдрал гэж юу юм бэ? хүн ер нь юуны төлөө амьдардаг юм бэ? гэсэн бодол зүрх сэтгэл, оюун бодлыг минь эргүүлээд болдоггүй ээ.
Ихэнх оюутнуудын хувьд дунд хугацаанд сайн мэргэжилтэн болж бэлтгэгдэх, дутагдах гачигдах юмгүй амьдрах, хязгаарлалтуудаа эвдэх гэх мэт, харин ойрын хугацаанд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, хилийн чандад суралцах, голч дүнгээ сайн гаргах гэх мэт зорилтуудыг өмнөө тавьж аж төрдөг. Нэлээд урт хугацаанд, бараг алсын хараа гэж болох чиглэл нь монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэрээ оруулах /минийх Монгол улсын эдийн засгийг хөгжүүлэн дэвшүүлэх их үйлсэд бие сэтгэлээ бэлдэхийн учир ... гээд л явна л даа/ нтэр гээд байдаг.
Харин миний хувьд хувь хүнд заавал байх ёстой гэгддэг хэтийн зорилго/байгууллагын хувьд mission/, алсын хараа буюу vision, хэний төлөө амьдарч байгаа, хол ойрын зорилтууд бүгд өөрийн хэмжээнд нарийн зохион байгуулалттай тодорхойлогдчихсон юм. Тэгэх тэгэхдээ бүүр хүн бүр хийгээд байдаггүй шоргоолжны үүр шиг plan-aa тодорхойлсон, би. Эдгээртээ хүрэхийн төлөө одоо ч гэсэн тэмцсээр байна.
Гэвч төгсгөл ирэхэд бид өнөөдөр хийж бүтээсэн зүйл маань маш өчүүхэн, хэнд ч хэрэггүй болох юм шиг...
Христийн шашны сургаалаар бол өнгөрлөө гээд ертөнцийн эзнийг тахин шүтвэл мөнхийн диваажинд, эс бөгөөс халуун тамд морилно, Буддын шашны онолоор бол үхлээ гээд буян хийвээс дээд төрлийг олно, нүгэл хурааваас доод төрлийг олж төрнө гэдэг. Тэглээ гээд яах ч билээ дахиад л энэ утга учир нь мэдэгдэхгүй эргүүлэг эргэлдсээр л ...
Хэдийгээр хүмүүс бид нар хорвоод төрүүлж өсгөсөн ээж аавынхаа төлөө, хэцүү хатуу үед тусалж дэмждэг ахан дүүсийнхээ төлөө, газар хатуу тэнгэр хол цагт чин сэтгэлийн дэмжлэг үзүүлдэг найз нөхдийнхөө төлөө энэхүү замбативийн тоосыг бужигнуулж яваа гэж ярьдаг ч гэсэн, эцсийн эцэст энэ бүхний дараа бид бүгд л хумхын тоосонцор болж энэ ертөнцөөс холдон алга болно шүү дээ ...
Тэгэхээр та бидний амьдрал юун дээр гогцоогдож оршдог юм бол доо?

Monday, November 2, 2009

Жанжин шугам

Хүний амьдралын жанжин шугам, барьж явах зарчим гэж байдаг билээ. Энэхүү асуудлаар өнөөдөр хэд хэдэн хэлэлцүүлэг явагдсан нь ийнхүү бичлэг тэрлэхэд хүргэлээ.
Хэдийгээр менежментийн үндэс хичээлийн хүрээнд байгууллагын эрхэм зорилго нь ажилчдыгаа сэдэлжүүлсэн, ... гэсэн шаардлагуудтай байдаг гэж үзсэн боловч (одоо ч санахгүй байна) үнэхээр энэ нь чихний хажуугаар урсан өнгөрсөн, шалгалтанд бэлтгээд цээжилсэн хэдэн үгс байжээ.
Гэхдээ энэ эрхэм зорилго гэдэг хүний нийгэмд амьдрах зарчим, жанжин шугамыг агуулсан хэдхэн үгтэй өгүүлбэрийг тодорхойлно гэдэг хөөрхөн оюун санаа чилээсэн, хөгжилтэй ажил бололтой. Хүнд тайлбарлаад ойлгуулахад багагүй уран ярих чадвар шаардах бөгөөд нэлээдгүй хэдэн минут нуршин байж за нэг тиймэрхүү гэсэн санааг толгой руу нь оруулах юм. За тэгээд бөөн бөөн хэлэлцүүлгийн дараа үүнийг бичгийн хэлнээ хөрвүүллээ гэхэд байгууллагын гишүүн бүрт ойлгуулна гэдэг дараагийн хүндхэн асуудал юм. Үүнийг практик дээр байгууллага хүний нөөцөө сэлбэсний дараа хамгийн анхны хийдэг ажил нь тухайн компанийн mission-г тайлбарласан, шинэхэн мэргэжилтэний авирах уулын оройг зааж өгдөг хоёр цаг гаруй үргэлжилсэн сургалт байдаг аж.
Хүмүүсийн нэгдэл болох байгууллага ийм нарийн зохион байгууллалттай байхад дотор нь ажиллах хүмүүс бас л тийм өөрийн гэсэн хязгаарлалтуудаа нарийн зохион байгуулчихсан байдаг байх гэсэн сэтгэгдэл төрнө. Гэвч үнэн хэрэг дээрээ тийм биш юм байна, монголд. Алдаг оног, өнөөдрийг аргацаасан байдалтай хүн дүрстэнгүүд олон байх юм. Энэ нь нийтлэг монголчуудын хандлага ч юм шиг.
Япон хүний эрхэм зорилго нь өдөр бүрийг өчигдөрийхөөс илүү хурдтай байх, өчигдөр хийсэн зүйлээсээ илүү ихийг өнөөдөр бий болгохыг хичээдэг юм байна. Харин манай монголчуудын эрхэм зорилго нь юу билээ ...

Tuesday, October 27, 2009

Байж болох л юм ...

Бид өдөр бүр хажуугаар нь өнгөрч, дунд нь орж байдаг мөртлөө тийм сайхан, үзэсгэлэнтэй, дахин давтагдашгүй үзэгдлүүдийг байдаг гэдгийг мэдсэнгүй байжээ.
Замын бөглөрөл, хог хаягдал, утаа тортог, уцаарласан хүмүүс бүгдээрээ л хотын өнгө төрх юм уу даа ...

Thursday, October 22, 2009

Юуг маркетингдаж болохгүй вэ?

Юуг маркетингдаж болохгүй вэ гэхээс өмнө маркетинг хийх гэж юу вэ гэдгийг ойлгох нь чухал байна. Учирлавал, маш олон харилцаанд та бид маркетингийн мэргэжилтэн болдог. Та өдөр бүр маркетингийн үйл ажиллагаанд их бага хэмжээгээр оролцдог учир өөрийгөө маркетингийн нэлээд туршлагатай, маш олон ойлголт зарчмыг мэддэг болчихсон гэдэгт найдаж болно.

Өглөө босохоос аваад л орой унтах хүртлээ та бид пүүсүүдийн явуулж буй маркетингийн үйл ажиллагаануудтай нүүр тулгарч, өөрсдөө ажилд орохдоо хүртэл анхны сэтгэгдэлийг сайхан үлдээчих санаатай ямар нэг маркетингийн санааг хэрэглэж байна. (Түвшинзаяа, 2006) Тэгэхээр маркетинг гэдэг нь нэг талаас зах зээл судлалын ухаан, нөгөө талаас зах зээл рүү хандсан хүмүүсийн үйл ажиллагаа юм. (J.Baker, 2005) Иймд бид өдөр тутам сонгох сонгогдохын огтлолцол дээр амьдрарч байгаагийн хувьд зах зээллэг хийж болохгүй зүйл гэж байдаггүй юм байна.

Хүмүүсийн амьдралд зөвхөн сайн маркетинг хийх гэсэн гарцаагүй ганц сонголт байдаг /магадгүй энэ нь хүн болж төрсний утга учир ч юм билүү/ учраас үүнийг хэрхэн сайн гүйцэлдүүлэх вэ гэдэг нь л өөдлөх үү, уруудах уу гэдгийг шийддэг. Энэ нь амьд амьтад дэлхий дээр оршин байгаагийн хувьд байгаль физикийн хуулинд захирагдаж байдаг шиг хүн төрөлхтөн зах зээлийн нийгэмд амьдарч байгаагийн хувьд маркетингийн хуулийн дагуу аж төрөх жамтай. Таны маркетингийн хөтөлбөрүүд маркетингийн хуулиудтай зохицолдсоноор амжилт өөдөө таныг татах болно. Эдгээрээс дурдвал: (Ол Райс, 2004)

Манлайллын хууль. Нейл Армстронг 1969 оны 7-р сарын 20-нд Лунар хөлгөөр саран дээр бууж анх удаа хүн төрөлхтөний мөрийг тэртээд тамгалсан билээ. Бараг бүх хүн түүний тухай их бага хэмжээгээр дуулсан, сонссон байдаг. Гэтэл дэлхийн үнэнч дагуулын зүг жолоо дарсан хоёрдахь хүний тухай хүмүүс тэр бүр мэддэггүй. Н.Армстронг шиг та амьдралдаа хэрэгжүүлж болохуйц сайхан санаануудыг биелүүлж гүйцэлдүүлсэн анхдагч нь байгаарай.

Зарим тохиолдолд №1 байхад үнэхээр хэцүү нөхцөл байдал үүсдэг. Өрсөлдөгч чинь танаас хувь илүү тасарчихсан байвал хүчтэй №2 байхыг хичээх хэрэгтэй бөгөөд хоёрдугаар байрны төлөөх тэмцэлд сүүлчийн бүлэг хүмүүс, цөөнхийг өөртөө татсанаар ялах боломжтой. Яг л Бургер кинг компани Макдоналдс-г гүйцэхгүй ч баттай номер хоёр брэнд болж дэлхийн олон ард түмэнд танигдсан шиг.

Байрлалын хууль. Харин та ямар нэг шинэ санааг хэрэгжүүлэхийнхээ өмнө, өрсөлдөөнд орохынхоо өмнө өөрөөсөө дараах асуултуудыг асуугаарай. Би өөрийнхөө хүрээллийн хүмүүсийн ухамсарын шатны чухам хаана нь байна вэ? Хамгийн дээд гишгүүр дээр үү? Хоёрдох уу? Эсвэл шатан дээр байхгүй ч байж магадгүй. Таны өмчилдөг шат маш доор байж болно. Та хүмүүсийн ухамсарт хэр удаан орсон, тэрчлэн та шатны аль хэсэг дээр байна вэ гэдгээс таны хэрэглэх маркетингийн стратеги хамаарна.

Амьдрал бол эцэс төгсгөлгүй, мөнхийн тэмцэл гэж үздэг, иймээс хүмүүс тэргүүлэгчид хамгийн сайн байх ёстой гэсэн итгэл үнэмшилдээ хөтлөгдөн шатны дээд талын гишгүүр дээрх хоёр лидерийг сонгодог. Тэрхүү өндөрлөгт хүрэх нь зүй ёсны хэрэг боловч басхүү түүн дээр богино хугацаанд зогсоод буухаас, урт хугацаанд бат зогсохоор тэмүүлэх нь хэрэгтэй юу гэдгийг бодолцох хэрэгтэй. Гэмт хэрэгтэн банк дээрэмдэж 100000 доллар хулгайлаад үүнийхээ төлөө 10 жилийг шоронд өнгөрөөхийн оронд жилийн 10000 долларын орлоготой 10 арван жил хөдөлмөрлөх эсэх нь түүний үзэл бодлоос шалтгаалах хэрэг.

Өнөөдөр та амжилтанд хүрэхийн хүсэж байгаа бол ямар нэг зүйлийг золиослох хэрэгтэй. Миний мэдэх нэгэн танил Түмнээ маань өсвөр насныхны сонирхдог бүхий л зүйлсийг хийж сурахыг эрмэлзэдэг. Сургууль дээрээ онц сурлагатан болох гэж, гудамжны шийдэн дээр шилдэг сагсчин болох гэж, найзуудын олон хүрээлэлд байр сууриа хадгалах гэж энэ биеэ хэд хуваадаг залуу. Өнгөц харахад 10 хуруу тэгш, төгс залуу, үнэн хэрэг дээрээ хагас боловсруулсан дутуу залуу. Сургууль дээр Алдар гавал нь, зааланд Билгүүн жордан нь, паракц дотроо Ганаа толгойлогч нь, харин мань Түмнээ хаана нь ч юу ч үгүй. Үүнийг монголчууд бид хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордог гэхчлэн тайлбарласан ч байдаг. Хэдийгээр даяарчлагдаж буй дэлхий олон талын авьяас, мэдлэг дадлагатай, universal хүнийг шаардаж байгаа ч гэсэн нэг салбарт гүнзгий чадвартай экспертүүдийн цуглуулга баг нь universal бүлгээс илт давуу чадалтай байдаг нь практик дээр харагддаг. Энэ нь төвлөрөлийн хуулийн нэгэн жишээ.

Дээрх хуулиудыг өөртөө ашигтай эргүүлээд маркетингээ та амжилттай явууллаа гэхэд таны дайсан нь биеэ тоох явдал юм. Хүмүүс амжилтанд хүрмэгцээ л зорилгоо умартах хандлагатай болдог. Тэд ихэнхдээ зах зээл юуг хүсэж байна вэ гэдгийг өөрсдийн үзэл бодолдоо оруулж төөрөлддөг. Таны нэр хүнд бусдад танигдах байдал нь газар авах тусам магадгүй та хүрээ тэлэлтийн занганд орох магадлал илүү өндөрсдөг. Үнэндээ, өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Энэ нь таныг урагшлахад нэн тустай хөдөлгөгч хүч болдог. Гэхдээ энэ нь таныг биеэ тоосон бардам зантай гарга гэсэн үг биш юм. Мөн шударга байр суурийг хадгалж, сөрөг талаа хүлээн зөвшөөрвөл бусад тань танд эергээр хандах болно. /Listerin компани өөрийн үйлдвэрлэдэг ам зайлагчийнхаа амтыг муухай гэдгийг, хэрэглэгчид нь үүнийг нь мэддэг гэдгийг хүлээн зөвшөөрснөөр эм гашуун боловч өвчинд тустай гэдэг үгийг хэрэглэгчдийнхээ сэтгэлд хадаж, борлуулалтын хэмжээгээ ихэсгэж чадсан юм/

Та алдаж болно, алдаагаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч тэр тал дээр ямар нэг арга хэмжээ авахгүй байна гэдэг бол таны карьерт муу үр дагавартай. Уналтыг эрт таньж, алдагдлыг таслан зогсоох нь илүү сайн стратеги юм. Япон хүмүүс алдаа гаргаснаа эрт ухаарч, зайлшгүй өөрчлөлтүүдийг хийх чадвартай мэт санагддаг. Монгол хүн яагаад япон хүний зарим чанарыг дууриаж болохгүй гэж, тэдний хүлээн зөвшөөрөгдсөн менежментийн хэв маяг нь өөрийгөө хэт өргөмжлөх үзлээс ангижрахад чиглэгдэж байдаг. (Ц.Рэгзэнбазар, 2006)

Эдгээр амьдрал хэмээх зах зээл дээрх хуулиуд нь хувь хүнээс авахуулаад, үндэстэн дамнасан корпораци, улс орны хэмжээнд яригдаж байгаа нь энэхүү зүй тогтол нь нийгмийн амьдралын аль ч түвшинд биелдэгийг нь баталж байна.

Гажилт: Хууль зүй, ёс зүйн хэм хэмжээнээс давсан асуудлуудад дээрх хуулиуд эсрэгээр үйлчилдэг. Агаарын бохирдол, хог хаягдал гэх мэт сөрөг экстернальтай бүтээгдэхүүн, үйлчилгээний хувьд эдийн засгийн үл үзэгдэх гарын зарчим сөргөөр үйлчилдэг шиг биеэ үнэлэлт, хар тамхи мансууруулах бодис, үр хөндөлт гэх мэт бараа, хүмүүсийг турхирах, бослого гаргах зэрэг зүй зохисгүй үйлдлийн хувьд маркетингийн дээрх хуулиуд мөн адил сайнаар дэмжиж өгдөг. /А.Гитлер амьдрал дээр маш сайн маркетэр байсан боловч тэр өөрийн чадвараа буруу зүйлд ашигласнаас болж дэлхийн цуст II дайн дэгдсэн юм/

Эцсийн эцэст зөв ууланд авирч сурах нь дээр үү, ууланд зөв авирч сурсан нь дээр үү? гэдгийг бодолцож үзэх л үдэх шив дээ ...

Tuesday, October 20, 2009

Өнөөдөр ...

Төв азийн зүрхэнд булиглах монголчууд бид ардчилал, хүний эрх-эрх чөлөөг хүндэтгэж, чөлөөт зах зээлийн нийгэм рүү шилжсэнээс хойш даруй 20 шахам жил өнгөрчээ. Төдийгөөс өдийг хүртэл өөрчлөлт шинэчлэл хийснээр багагүй бартааг туулсан хэдий ч хорвоо дэлхий уужим, хийх ажил их байсаар л ...
Өнөөдөр та бид өөрсдийн бизнесийн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх бүрэн эрхтэй чөлөөт агентүүд билээ. Гэтэл нүд байгаад сохор гэдэг шиг яагаад бидний эрх чөлөөт арилжааны үйл ажиллагаа маань баар цэнгээний газар төдийхнөөр хязгаарлагдаж байгаа юм бэ?
Уул шугамандаа ардчилал хэмээх өргөөний түгжээг тайлж орсноор та бид нарт ашиг хонжоо олж болохуйц маш олон өрөө, тасалгаа, хонгил бүр цаашилбал гадагшаа гарах гарц хүртэл нээлттэй болсон биш билүү!
Ардчилалын түлхүүрийг олсон ч гэсэн бид нар амьдрах аргаа олоогүй байгаа нь тэр олон боломжит тасалгаанууд байхад угаалтуурын өрөөнд хөлчүүрч амьдарч байгаагаас харагдаж байна.
Арай гайгүй явж байгаа нэг нь хувиа бодож хэм хэмжээ гэгчийг өөртөө зориулж зохиож байна. Томоохон бизнесийн байгууллагууд төрийн түшээдээс хэн нэгнийг худалдаж авч хууль эрх зүйн таатай орчныг өөрсдийн эрх ашигт нийцүүлж байгаа нь заримдаа илт мэдрэгддэг. Эдгээрийн явуулж буй лобби нь тийм чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бага хэмжээний, хөлөө олж чадан тэмтчиж байгаа олон компаниудыг газрын хөрснөөс арчих нь том ахынх нь толгойг эргүүлж гэргий нь болсон зальтай бэр эгч дүү нарыгаа дээрэлхэхтэй агаар нэг.
Өөр тусдаа өрөөнд орох хүсэлт эцэг, эхдээ тавьбаас барагтай бол хариу хэлдэггүй хүнд суртал гэдэг муу зуршилтай аав, ээж маань бэлэг барьж орж ирсэн хүний түмэн хүслийг биелүүлэхээс татгалзахгүй авилгал гэдэг хүнд өвчнөөр өвдчихсөн байгаа нь эмгэнэлтэй.
Үүний үр дүнд боловсролын салбар тэр дундаа их, дээд сургууль нь монголд нэгэн төрлийн багагүй орлоготой бизнес болж дээ. Арга ч үгүй биз, дээд боловсролтой хүний авах цалингийн түвшин нэмэгдэх тусам хүн бүр дипломтой болохыг хүснэ. Тийм хүслээр тоглож мөнгө олох санаатай бүлэг байлгүй л яахав, гэхдээ тэдэнд зөвшөөрлийг нь хэн олгодог билээ.
Хүүхдүүдийнхээ боловсролын асуудлыг гар цайлгах хэдэн төгрөгөөр сольсон ээж, аав маань сувилалд эмчлүүлж, биеэ тордмоор юм.
За тэгээд гэртээ хоол хийж иддэггүй айл байна гээд боддоо. Өдөр бүр гуанз, ресторанаар зоог барьж өөрсдийн мөнгийг тэдэнд өгч байгаа нь дэлгүүрийн лангуун дээр made in Mongolia гэсэн хүнсний бүтээгдэхүүн байхгүй байгаараар батлагдаж байна. Гэрийн хоол гэж мэдэхгүй хүмүүст монголд үйлдвэрлэсэн хувцас, электрон бараа, тавилга гэх мэт өргөн хэрэглээний бараа гэсэн ойлголт байхгүй нь ойлгомжтой шүү дээ.
Үнэхээр гэрийн эздийн тэнхээ чадал хүрэхгүй, бусдаас хөрөнгө оруулалт шаарддаг өрөөг гадны хүмүүст түрээслэх нь зүй ёсны хэрэг /Айвенхоу майнз – Оюутолгой/. Эдгээр хармаа нь бидэнд Их Британи улс Хонг-Конгийг хөгжүүлж өгсөн шиг тун удалгүй их хэмжээний эдийн засгийн болон нийгмийн ашгийг хамтад нь авчирна. Хэдий тийм боловч гэр бүлийн гишүүд зайлшгүй байх ёстой зарим өрөөнд /барилгын салбар/ хятад солонгос нь мэдэгдэхгүй данжаад нар орогнох болж, өнөөдөр. Монгол залуусын ажлын орон тоог иймэрхүү аргаар бөглөснөөр ажилгүйдлийн түвшин багагүй хэмжээнд тодорхойлогдож байна, ажиллах хүчний оролцоо нь хэзээч төгсөшгүй гэрийн дээдийг дүүргэхээс өөр аргагүй байдалд оруулж байна.
Хар цагаан хосолсон манай гэр иймэрхүү янзтай өдөр хоногийг өнгөрөөж, өнгөц харахад өрөвдөлтэй байдалтай байна. Гэхдээ үнэн чанартаа баян хөрш японыг бодвол нүсэр том карказ зангидсан байшин байна. Энэхүү үл хөдлөх хөрөнгө нь урт хугацаанд бидэнд ашиглагдах хамгийн үнэтэй баялгуудын нэг юм. Онгироо саахалт америкийг бодвол онгойлгоогүй байгаа өрөө зөндөө байна. Хамгийн наад зах нь хөрөнгийн зах зээл өнөөдөр монголд эзгүй шахам, хувьцаа бонд төдийхнөөр хязгаарлагдаж байна. Зөвхөн нэг өрөө Нью-Йоркын хөрөнгийн биржийн дайтай болоход өнөөдөр бидэнд үр ашгаа өгч байгаа өрөөнүүд ямар хэмжээнд хүрэхийг төсөөлөмгүй. Харин дээр дурдсан хүнд проблеймууд бол өсвөр насандаа хүүхэд шилжилтийн насыг дайрч өнгөрөхдөө болох болохгүй юм бүгдийг үздэг шиг хөгжиж буй улсуудын шилжилтийн үед тохиолддог байдаг л зүйлс юм.
Азийн арслан монгол гэгдэх цаг бидэн рүү гэрлийн хурдаар асуй. Гагцхүү тэр болтол тэсэх л хэрэгтэй. Эр өсч эсгий сунахын цагт хөх толбот ард түмэн бидний дэлхийг байлдан дагуулах хоёрдах эрин эхлэх болно.

Wednesday, September 30, 2009

Аавдаа төрсөн өдрийн мэнд хүргэе!!!

Нэг л мэдэхэд 9-р сар дуусч байх юм даа. Завгүй байна гэдэг миний хувьд маш таатай мэдрэмжийг төрүүлдэг гэдгийг мэдсээр багагүй хугацаа өнгөрсөн байна аа. Энэхүү харван одох цаг хугацаа надад нэгэн тэмдэглэлт өдрийг аяархан сануулсныг дөнгөж сая л мэдэрлээ. Маргааш 2009 оны 10-р сарын 1-н хайрт аавын минь хорвоод мэндэлсэн өдөр, тандаа мунхаг хүү нь төрсөн өдрийн мэндийг хүргэж байна.
Энэ ертөнцөд ирээд таныгаа уйлж угтаад өнөөдрийг хүртэл зовоосон үрээ уучил, нэхэл хатуу замбуу тивийн тоосыг бужигнуулж явуу хүү тань хэзээ нэг цагт таныгаа баярлуулна гэсэн холын бодолд дараатай яваа шүү ...
Би гэдэг хүнийг өдий зэрэгтэй болгож өгсөн тандаа ТӨРСӨН ӨДРИЙН ХАЛУУН МЭНДИЙГ ДАХИН ДАХИН ДЭВШҮҮЛЬЕ ...

Sunday, September 20, 2009

Анхны цас ...

Илч нь буурч байгаа нартай алтарч байгаа навчийг хослуулан төсөөлөхөд яахын аргагүй алтан шаргал намар гэх сайхан дүрслэл үзэгдэнэ. Хөдөө тал газар айраг сэнгэнэсэн тамганы найр, аз жаргал бялхсан хуримын ёслол болдог сон, намар.
Гэтэл өнөөдөр 9-р сарын 19, бээрсэн модод навчсаа гөвж үзээгүй байна, налгар намрын дулааныг хөөрхий мод мэдрээгүй байна. Зэврүүн хүйтэнд алхаж яваа хүнд ус цацарах нь төвөгтэй, халтиргаан дунд тэмтчиж байгаа жолоочид цасанцар унах нь төвөгтэй санагдана. Байгаль эх минь юунд бухимдана вэ, ачийг тань хариулж чадахгүй байгаа үрсээ битгий зэмлээч ...

Saturday, August 29, 2009

Монгол хөгжих үү?

Монгол улс хөгжих үү? гэж гудамжинд таарсан хүмүүсээс асуувал бүгд “хөгжинө” гэж дуу нэгтэй хариулсан мөртлөө хэзээ, яаж, хэн хөгжүүлэх вэ гэсэн үүнээс урган гарсан асуултанд тэр бүр хариулж чадахгүй байгаа нь “мэдэхгүй” гэж түгдрэн хэлэх үгнээс шууд ойлгогдож байлаа. Ёстой л нэг хонгилын үзүүр дэх гэрэл рүү тэмүүлж байгаа сохор хүмүүс шиг ...

Монгол орноо хөгжүүлнэ гэдэг энхийн цагт биднийг дуудсан эх орны дуудлага юм. Энэ ариун үүргээ хөх толботой төрдөг хүн бүхэн ухамсарлах учиртай.

Харин яаж биелүүлэх вэ гэхээр өнөөгийн бидний хоригдчихоод байгаа чөтгөрийн тойргоос мултарчихвал гүйцээ.

Эдийн засгийн онолд чөтгөрийн тойрог гэж нэгэн ойлголт байдаг. Хиймэл дагуулыг дэлхийгээс хөөргөхдөө сансарын 1-р хурд буюу 7.8 км/с хурд өгөхөд дэлхийг тойрог орбитоор эргэдэг. Монгол мэтийн буурай улсын эдийн засгийн өсөлт нь нэгэн хэвийн тойрог траектор төв цэгээсээ холддоггүй шиг өсөлтгүй байдалд ордог..

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр бол манай дотоодын саалийн үнээ гэгддэг. Чадлынхаа хэрээр зэсийг олзворлон гадаад зах зээл дээр худалдаад эх орондоо мөнгөний урсгалыг оруулж ирдэг. Энэ үед эдийн засаг өсөлттэй байдаг, аргагүй биз мөнгө орж ирж байхад. Гэтэл тэрхүү орж ирсэн хэд нь нийгмийн халамж гэх нэрийн доор шинэ гэр бүлийн 500000, шинэ хүүхдийн 100000, хүүхдийн мөнгө болж хувираад ард түмний гар дээр ирдэг. Худалдан авах чадвартай болсон хэрэглэгчид бүгдээрээ л хэрэгцээгээ хангахаар дэлгүүр орно. Энэ үед нийлүүлэлт хангалтгүйн улмаас эрэлтээс үүдэлтэй инфляци үүсч улмаар гаднаас тэдгээрийг импортолж авахад хүрнэ. Тэгээд л тэрхүү зэсээ зарж олсон хэдэн төгрөг нь буцаад харийн орны эдийн засгийн өсөлтийг хангаад гадаад худалдааг нь эерүүлж байдаг, харин Монгол бахь байдгаараа, хуучин хэвэндээ. Тойрог замын хиймэл дагуул шиг ядуурал, ажилгүйдлээс холдож чадахгүй, зайндаа байсаар л ... Үүнийг л чөтгөрийн тойрог гэж байгаа юм.

Гэхдээ гарц гэж бий. Тэрхүү хурдыг нь нэмээд 11.2 км/с –с дээш болвол эллипс хэлбэрээр тойрч, улмаар дэлхий орчмын тойрог замаас гардаг байна.

Бидний өдөр тутам өмсдөг хувцас дотор made in Mongolia гэсэн эд байдаг билүү? Тэнгэр баганадан сүндэрлээд байгаа барилгууд аль улсад үйлдвэрлэсэн барилгын материалаар баригддаг билээ? Энэ бол манай мөнгө тэдэн рүү урсаад л байна гэсэн үг.

Харин энэхүү урсгалын голдиролыг өөрчлөхийн тулд Голланд өвчнийг эдгээх хэрэгтэй. /Бид нар чинь есөн эрдэнийг хэвлийдээ хадгалдаг эх оронтой ч ашиглаж чаддаггүй Голланд өвчнөөр өвдчихсөн байгаа юм/

Нэгдүгээрт халамжийн хэлбэрээр тараагдаж байгаа мөнгийг ашиглан импортоор орж ирээд байгаа тэдгээр бараа бүтээгдэхүүнүүдийг бий болгох үйлдвэр барьж анхдагч хэрэгцээгээ хангах хэрэгтэй. Тэнд ажилгүйчүүдийн эгнээнд алба хашиж байгаа залуус хөдөлмөр эрхэлнэ, ядуурал буурна. Бидний хөрөнгө бидэнд л хэрэглэгдэнэ.

Ингэж л өөрсдийн мөнгөө дотооддоо шингээнэ, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ эрс өснө. Энэ бол дөнгөж эхлэл нь юм.

Засгийн газар Оюутолгойн төслийг Монголын талд ашигтай батлах санаатай нэлээд удаан хугацааны турш хуралдаж байна. Эрдэнэт шиг дахиад нэг хот, дахиад нэг уурхай байгуулагдана гэдэг хөгжлийн хурданд багагүй хэмжээний түлхэц үзүүлэх учиртай.

Мөн нээлттэй эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлж Сингапурь мэтийн маш жижиг газар нутагтай, ашигт малтмалгүй боловч хөгжлийн өндөр түвшинд хүрсэн улсуудаас үлгэр авах нь чухал байна. Хятад, Орос хэмээх 2 том гүрний хоорондох бүхий л арилжаа, тээвэр, европ-америк, европ-азийг холбосон агаарын болон төмөр зам халхын хавтгайгаар дайрч өнгөрөх нь нь маш их хэмжээний ашгийг бидэнд хүртээнэ.

Онгон байгаль, цэлмэг тэнгэрээрээ алс газрын аялагчдын хорхойг хөдөлгөдөг нь бидэнд аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлагатай байгааг анхааруулж байгаа билээ. Ирсэн гийчид бүр буцахдаа дахин зочлохын далд хүсэлд автан буцдаг, дээд зэргийн чанартай үйлчилгээ нь сэтгэл ханамжийг өгч чаддаг, гэртээ хариад бусад хүмүүст сайрхан гайхуулж ярьдаг орон болох нь нэгэн төрлийн гарц юм.

Ингэж чөтгөрийн тойргийг сэтлэж болно. Үүний дараа хөх Монголын хөгжлийн зам дардан харагдаж эхэллээ.

Гэтэл бас нэгэн саад тулгарч байгаа нь тэрхүү дардан замыг хэзээ гатлаж дуусах вэ?

Хээл хахууль, хүнд сурталд идэгдчихсэн эвдэрхий, хар утаа хаядаг, зорчигчид нь хог хаягдалаа хаа тааралдсан газраа хаядаг машинаар ямарч сайхан замаар яваад хурдалж чадахгүй шүү дээ.

Тэрхүү чийчаан хөлгийн жолооч нь зорчигчидоо зохицуулж, эвдэрч хэмхэрсэн мотороо засаад аян замд бүгдээр нэгэн санаа бодолтой, нэгэн үйл хэргийн төлөө хамтаа тэмцэж, хамтдаа зорьж явбал алтан шар зам тийшээ, аяны жолоо дээшээ маш хурдан хүрэх болно.

Би ч гэсэн тэр хөлөгт сууж яваа нэгэн хүн, эвдэрхий машинд бохир заваан явмааргүй байна. Тиймдээ ч бусдыгаа уриалж байна.

Монголчуудаа! та бид чинь нэг бүхээг доор хөгжил тийш зорчин явж буй зорилго нэгт ахан дүүс шүү дээ.

Монгол улсын хөгжилд иргэн бүрийн оруулах хувь нэмэр

Хүмүүс өндөр хөгжилтэй орон, хөгжингүй улс гээд л их ярьдаг. Гэтэл дэлхийг байлдан дагуулаад байгаа хөгжил гэж чухам юу юм бэ? Бүх нийтийг гэрэл цахилгаанаар хамгийн хямд үнээр хангадаг атомын цахилгаан станц уу?, гүрэн болгоны зэвсэгт хүчний зүрхэн дэх хамгийн том нууцхан айдас болох тив алгасагч пуужин уу? эсвэл тухайн улсын ДНБ-ий өсөлт, эдийн засгийн бие даасан байдал юм уу?

Үгүй юм байна аа! Эд бүгд бол тэдгээр улсуудын техник технологийн дэвшлийн үр дүн юм.

Харин хөгжил гэдэг нь нийгмийн гишүүн бүр сайн үйл хийхийг хэлдэг гэж ойлгож болно. Нэг хүн тэргэн дээр суусан хүмүүсийг чирч явснаас бүгд зэрэг түрвэл хэн хэндээ ашигтай нөхцөл байдал үүсдэг болохоор нийгмийн гишүүн бүр гэж үзэж байгаа юм. Сайн үйлийн хамгийн доод талын цэнзүүр нь хууль зүй бөгөөд дээд цэг нь нэмэх хязгааргүй рүү тэмүүлж байдаг ёс зүй билээ.

Тэгвэл өнөөдрийн монголын хөгжлийн түвшин хэр зэрэг байгаа бол? Олонх хүмүүс муу гэдэг дээр надтай адил санал нэгдэх байх. Үнэхээр ч үүний баталгааг хаанаас ч харж болох бөгөөд та гэрээсээ гараад авто замын хөдөлгөөнийг ажиглаад үзээрэй бөөн бөөн бөглөрөл. Шалтгаан нь маш энгийн - хууль ёсоо дагаагүйгээс үүдэлтэй, үүн дээр нь ёс зүйн түвшин доогуур жолооч нар дайрч орсоор байдал бүүрч дорддог. Зарим хүмүүс “Замыг нь томсгоод өг, хариуцлагыг нь чангалаад өг тэгвэл л гүйцээ!” гэх мэт тайлбар тавьдаг л даа. Гэвч замын хэмжээ өргөн болсон ч дүрэм баримталдаггүй хүмүүс байсаар байна, хариуцлага чангарсан ч эдийн засгийн онолд квот тогтооход далд, хууль бус эдийн засаг үүсдэг шиг хариуцлагаас мултрах, зайлсхийх арга нь улам нарийсна шүү дээ.

Энэ байдлыг эцэс болгохын тулд бидэнд хүнд хууль цааз, гадаад орны хөрөнгө оруулалт гэх мэт зүйл огт хэрэггүй.

Хүн бүр ядаж хуулиа дээдлэж амьдарвал бидний монголын хөгжил тэг рүү тэмүүлэх нь зогсож өсөлтгүй ч гэсэн бууралтгүй тогтмол болно. Энэ бол эхний алхам.

Хоёрдах гишгүүрт хүрэхэд ихээхэн хүч чармайлт, зүтгэл хэрэгтэй болох ба тэр их энергийг оюутан оюутан залуус бид бий болгож чадна. Учир юу вэ хэмээвээс улс орныг хөдөлгөгч цэргийн, ард түмний, оюутны хүч гэх гурван хүч байдгийн хамгийн чадалтай нь гурав дахь нь юм.

Агаарын бохирдол, хог хаягдал гэх мэт сөрөг экстерналь нь хүмүүсийн ёс зүйгүй үйлдлүүдийн үр дүн юм. Энэ байдлыг дахин бий болгохгүйн тулд хогийг цэвэрлэх-хаяхгүй байх талаар, ногоон ургамал бут сөөгийг тарих-хамгаалах тухай нэг хүн хоёр хүнд ойлгуулна, ойлгосон хоёр нь дахин дөрвөн хүнд, тэр дөрөв нь арван зургаа гэх мэтчилэн үргэлжилэх гинжин холбоог үүсгэнэ.

Эх орны хөгжил цэцэглэлтийн толин тусгал болсон залуучууд бид жаахан дүү нартаа үлгэр дууриалал үзүүлж, ах эгч нартаа шаардлага тавьж тэрхүү шатан дээр гишгэнэ.

Энэ хоёр үйл хөдлөлийг хийж чадвал залуус бид хөгжил гэгчийг үнэн утгаар нь монгол улсдаа цогцлоох болно. Ингэсэн цагт оюуны, технологийн хувьсгал нэгэн зэрэг явагдаж монгол угсаатан дэлхийн улс төр, эдийн засаг, хөгжил дэвшлийн хандлагыг тодорхойлогч болно.

Хүүхдийн хүмүүжил өнөөдөр

Аливаа улс үндэстний хөгжлийн түвшинг тодорхойлоход эдийн засгийн өсөлт, шинжлэх ухаан, техник технологийн ололтыг нь дэлхийн хэмжээнд харьцуулалт хийж үнэлдэг бол гучаас тавин жилийн дараах тэрхүү улсын нүүр царайг нь хүүхдүүд өсвөр үеийхнийх нь хүмүүжлийн байдлаар нь тодорхойлдог. Тиймдээч орчин үед дэлхий нийтийн хөгжлийн бодлого түүний хандлага нь залуу үе рүүгээ хандсан байдалтай байна. Гэтэл монголын хувьд өнөөдрөө аргацааж байвал болоо гэсэн сэтгэлгээгээр маргааш гэдэг өдрийг мартсан байдалтай байна. Үнэхээр ч санхүү эдийн засгийн хямрал, ядуудал, ажилгүйдэл, хог хаягдал, агаарын бохирдол гэх мэт толгой өвтгөсөн эхний ээлжинд шийдвэрлэхүйц асуудлууд ар араасаа, шил шилээ даран очерлож байхад энэ хүүхдийн хүмүүжил гэдэг хоёрдогч эгнээний асуудлыг хэлэлцэх арай ч болоогүй байгаа ч юм шиг ...

Гэхдээ бид энэхүү сэдвийг хөндөхгүй байхын аргагүй байдалд аль хэдийнээ орчихжээ. Тиймээс яагаад ийм байдалд орсон талаар багахан санааг энд сийрүүллээ. Үүнд:

· Эртний монголчуудын уламжлалт зан заншилд хүүхдийг хэрхэн хүмүүжүүлдэг байсан талаар

· Барууны оронд өсвөр үеийхэн хэрхэн хүмүүждэг талаар

Нүүдэлчин удамт хэмээх монголчууд ...

Бидний өвөг дээдэсийн амьдралын хэв маяг нь өөрөө гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бий болгодог байсан бөгөөд хорин дөрвөн цагийн турш халуун ам бүлээрээ аж төрж амьдаран суудаг байж. Мөн хүүхдийг

Балчир ахуй насанд нь хаан мэт

Өсөх хонгор насанд нь зарц мэт

Ухаан суух насанд нь нөхөр мэт өсгө гэсэн зарчмаар хүмүүжүүдэг байсан нь амьдралын шат бүрт нь өөр өөр арга барилыг ашигла гэсэн цаад санааг агуулж байдаг. Энэ нь

Оюун хөгжүүлэх оньсон тоглоом дунд өсгө сэргэлэн болно

Ажил хөдөлмөр, бичиг ном дунд өсгө хичээнгүй болно

Амьдралын үнэн, муу санаа, хайр дурлал (бэлгийн боловсрол)-г ойлгуул даруу болно гэсэн үг юм.

Мэдээж энэ насны хүүхдүүд бүгдийг л өөрийн хүссэнээр байлгахыг хүсдэг, үгүй бол уйлдаг. Дөнгөж хэлд ороод хүрээлэн буй орчноо танин мэдэх туйлын хүслээр дүүрэн байхад нь тэрхүү асаж буй эрмэлзэл дээр нь тос нэмэх мэт дэмжиж өгөөд оньсон тоглоом, ухаан сорих дасгал гэх мэтээр цаг үргэлж тархийг нь цэнэглэж өгдөг байсан юм. Үүнд бүх төрлийн шагай наадгай, төрөл бүрийн оньсон тоглоом орно.

Тусд орохын цагт гээд л хүмүүс ярьдаг үе дээр нь буюу таваас арван гурван насанд нь халамж хайрыг нь шууд бус аргаар өгч илт бөөцийлөн эрхлүүлэхээ багасгадаг ба ажил хөдөлмөрийн амтыг мэдрүүлж, оюуны хүч чадлын цар хүрээг таниулдаг байсан юм. Нэгэн хүүд эмээ нь аарц өгөхөд чихэргүй байна гээд голоод идсэнгүй тэгтэл эмэг ээж нь хүүг хониндоо яваад ир гээд явуулав. Хэсэг хугацааны дараа хүү гэртээ ирээд нөгөө аарцаа идэж байхдаа эмээ та хэзээ энэ аарц руу чихэр хийчихвээ? гээд амтархан идэж байсан гэдэг үлгэр байдаг. Үүний цаад утга нь дураараа өссөн хүүхдэд хөдөлмөр ухамсар суулгадаг гэсэн үг юм.

Хүүхэд юмны наад цаадахыг нь мэддэг болох үе буюу арван гурваас дээш насанд нь амьдралын муу муухай, шударга үйлс, буян нүгэл, атгаг санаа гэх мэтийг зааж сургадаг. Гэнэн томоогүй хүүхэд нас чамайг орхин одож байна, амьдрал гэдэг хатуу, хэцүү гэдгийг ойлгуулах нь цаашдын амьдрал нь чухал үүрэгтэй.

Хотжсон нийгэм буюу барууны орнууд ...

Хүүхдийг хэвлийд байхаас нь түүнтэй ярилцаж, намуухан хөгжим сонсгож байхыг зөвлөдөг бөгөөд эхийн хэвлийд амар тайван бойжсон хүүхэд төрсний дараа ч гэсэн биеийн эсэргүүцэл сайн, олдмол өвчлөлүүдээс хол байдаг гэдгийг шинжлэх ухаан нотлоод нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Жирэмсэн болсон цагаас эхлэн эмчийн хяналтанд байж чадвал хүндрэлгүй төрдөг ажээ.

Балчир ахуй насанд нь хүүхдийн тоглоомоор нь дамжуулж сэтгэхүй тэлэх, IQ хөгжүүлэх дасгал хийлгэх нь хамгаас чухал. Энэ бол хүүхэд хүрэлцсэн бүхнээсээ анхдагч мэдлэгээ олж авдагтай холбоотой бөгөөд эвлүүлдэг тоглоом, цээжлүүлэх дасгал, логик чанартай тоглоомууд голлох үүргийг гүйцэтгэнэ.

Шилжилтийн насанд нь яг л том хүн шиг харьцах нь хүүхдүүдэд бие дааж шийдвэр гаргаж хариуцлагаа өөрөө хүлээх дадал чадварыг суулгаж өгдөг юм. Хүн эрх эдлэх тусам үүрэг хүлээдэг, үүргээ биелүүлэхгүй бол хариуцлага хүлээдэг нийгмийн өдөр тутмын харьцааг ухамсарт нь суулгаж өгдөг.

Барууны орнууд болон эртний монголчуудын хүүхдийг хүмүүжүүлэх арга барил нь бага зэргийн ялгаатай болохоос биш ерөнхий хандлага нь ижил болохыг дээрхээс дүгнэж болно. Хотжсон нийгэмд шинжлэх ухааны ололт давамгайлсан байдалтай байдаг нь ялгаатай тал юм.

Гэтэл яагаад өнөөдрийн монголын хүүхдийн хүмүүжил эдгээрээс тэс ондоо байгаа юм бэ? Жирэмсэн эхийн эргэн тойронд маш их хэрүүл шуугиан, түүнээс болоод стрессээр өвчлөх магадлалтай байдаг. Өөрийнхөө асуудлын учрыг олохгүй байгаа хүнд бол гэдсэн дэх хүүхэд нь хамгийн эхэнд хэлсэн шиг хоёрдогч эгнээний асуудал болдог.

Төрөхийн өмнө хугацаанаас өмнө төрөх, хийсвэр хийлгэх, төрсний дараа тархины даралт, хөхний толгой хагаралт зэрэг янз бүрийн л хэцүү зүйлстэй тулгарна. Энэ бүхнийг даван туулаад хүүхэд төрлөө. Төрөөс өгдөг халамжийн хэдэн төгрөгөөр хоёр нас хүртэл санаа зовох асуудал арай бага бойждог.

Хүүхэд ийм дээрээ хөөрхөн гээд хүмүүс ярьдаг хоёроос найман насандаа юмыг хамгийн хурдан сурдаг тиймээс өссөн орчныхоо уур амьсгал, харилцааг шууд хүлээж авдаг. Яг энэ үе дээр нь мэдээллийн хэрэгслээр гэмт хэрэг, хүчирхийлэл, садар самуун сурталчилсан мэдээ, нэвтрүүлэг, киногоор бөмбөгдөж өгнө. Мөн тэдний хамгийн дуртай зүйлсийн нэг нь компьютерийн тоглоом болоод байгаа бөгөөд насны ангилал харгалзалгүй тэдгээр тоглоомыг тоглож өсч байна. Манай ээж багш хүн л дээ. Сургуулийн орчинд атаман, хулгиан гэгдэг нөхдүүд үе болгонд байдаг бөгөөд сүүлийн үед тэдгээр үл бүтэх хүүхдүүдийн зан авир, гаргаж буй үйлдэл нь цаанаа л нэг хэрцгий болоод байгаа нь өнөөгийн нийгмийн байдал олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, тоглоомын газрын үйл ажиллагаатай шууд холбоотой гэж тэрээр сүүлийн үед цөөнгүй удаа надад ярих болсон. Үнэхээр балчир насны хүүхдийн хүмүүжилд сайнаар биш юмаа гэхэд үл нөлөөлөхүйц хэрэгсэл гэж өнөөгийн монголд алга байна. Гадаа гарлаа тоглоомын талбайг нь нурааж барилга барьж байна, бас бөөн утаа, тэгэхээр гэртээ байсан нь харьцангуй дээр орчин болж таарна. Гэртээ орлоо зурагт асаана нөгөө л хэцүү сэдвүүдийг агуулсан мэдээ, нэвтрүүлэг, кино. Тоглоом тоглоё компьютерийн экшн, стратеги тоглоомууд дэсктопоор нь дүүрэн...

Энэ бүгдийг өнгөрөөгөөд сургуульд орлоо. Одоо хүүхдийн ирээдүй эцэг эх, багшийн хараа хяналтаас шууд хамааралтай болно. Учир юу вэ хэмээвээс ихэнх эцэг эхчүүд сургуульд орсон хүүхдийг багшид нь зуун хувь хариуцуулаад өгчихдөг. Тэгэхээс өөр аргагүй юм эцэг эх хоёр хоёулаа ажил хийж байж өнөөдөр хоёр хооллох уу, маргааш мацаг барих уу гэдгийгээ шийднэ. Харин багш нь ажлаа жоохон муухан хийдэг бол тэр хүүхдийн муу зам нь заагдлаа л гэсэн үг. Эх эцгийн хараа хяналт сайн байвал тэр хүүхэд сайн зам руугаа хазаймаар...

Монголын нийгэм өнөөдөр ийм л байна. Яагаад?

Монгол улс энэ цаг үед шилжилтийн процесс дунд явж байгаа бөгөөд энэ нь ид дундаа явагдаж байна. Тиймээс өөрсдийн уламжлалаа алдчихсан бас барууны орны соёлыг ч өөртөө шингээгээгүй байна. Энэ үндсэн шалтгаан голлох ролийг гүйцэтгэж байна.

Үүнийг хэрхэн өөрчилж болох вэ?

Монгол улс яг одоо шилжилтийн үедээ явж байгаа учраас дэлхий нийтээр дагаж мөрддөг, уламжлалт зан заншилд байдгаас арай өөр үйл ажиллагаа явуулах нь зөв энэ нь үндсэндээ хоёр түвшинд үйл ажиллагаа явуулсны үндсэн дээр энэхүү асуудлыг шийдвэрлэнэ.

· Микро түвшин

· Макро түвшин

Микро түвшинд тэдний тоглож буй тоглоомонд нь анхаарал хандуулах. Хүүхэд тань ямар наадгайгаар өөрийгөө зугаацуулж байгааг анхаарах. Таны хүүхэд юугаар тоглож байна гэдэг та л юугаар хангаж байна гэсэн үг шүү дээ.

Мөн эцэг эхчүүд өөрсдийн цаг ашиглалтаа зөвөөр төлөвлөж хүүхдээ өнөөдөр хаана юу хийж явааг нь, маргааш хаана юу хийхийг нь мэддэг байх. Ямар хүүхдүүдтэй нийлээд хүнд хэрэгтэй юм хийж байгаа эсэх. Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хорлол гэдгийг ухамсарт нь суулгаж өгөх нь богино хугацаанд хэрэгжих болно.

Макро түвшинд төрийн зүгээс гэр бүл, хүүхдийн хүмүүжлийг дэмжих төрийн бодлогыг боловсронгуй болгох (хүүхдийн тоглоомын талбайг устгахгүй байх гэх мэт ...) Улс орны хөгжил дэвшил гэдэг мөн чанартаа чухам юу болох талаар мэдэрч хар хайрцагны бодлогыг явуулах нь хамгийн зүйтэй.

Мөн тоглоомын газрын үйл ажиллагааг хууль эрх зүйн орчноор бүрэн хангаж өгөх. Үйлчлүүлэгч бүр насны ангилалаар тоглоомоо сонгох, үйлчилгээний орчин нөхцөл сайжруулах явдал нь урт хугацаанд хэрэгжих юм