Saturday, August 29, 2009

Монгол хөгжих үү?

Монгол улс хөгжих үү? гэж гудамжинд таарсан хүмүүсээс асуувал бүгд “хөгжинө” гэж дуу нэгтэй хариулсан мөртлөө хэзээ, яаж, хэн хөгжүүлэх вэ гэсэн үүнээс урган гарсан асуултанд тэр бүр хариулж чадахгүй байгаа нь “мэдэхгүй” гэж түгдрэн хэлэх үгнээс шууд ойлгогдож байлаа. Ёстой л нэг хонгилын үзүүр дэх гэрэл рүү тэмүүлж байгаа сохор хүмүүс шиг ...

Монгол орноо хөгжүүлнэ гэдэг энхийн цагт биднийг дуудсан эх орны дуудлага юм. Энэ ариун үүргээ хөх толботой төрдөг хүн бүхэн ухамсарлах учиртай.

Харин яаж биелүүлэх вэ гэхээр өнөөгийн бидний хоригдчихоод байгаа чөтгөрийн тойргоос мултарчихвал гүйцээ.

Эдийн засгийн онолд чөтгөрийн тойрог гэж нэгэн ойлголт байдаг. Хиймэл дагуулыг дэлхийгээс хөөргөхдөө сансарын 1-р хурд буюу 7.8 км/с хурд өгөхөд дэлхийг тойрог орбитоор эргэдэг. Монгол мэтийн буурай улсын эдийн засгийн өсөлт нь нэгэн хэвийн тойрог траектор төв цэгээсээ холддоггүй шиг өсөлтгүй байдалд ордог..

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр бол манай дотоодын саалийн үнээ гэгддэг. Чадлынхаа хэрээр зэсийг олзворлон гадаад зах зээл дээр худалдаад эх орондоо мөнгөний урсгалыг оруулж ирдэг. Энэ үед эдийн засаг өсөлттэй байдаг, аргагүй биз мөнгө орж ирж байхад. Гэтэл тэрхүү орж ирсэн хэд нь нийгмийн халамж гэх нэрийн доор шинэ гэр бүлийн 500000, шинэ хүүхдийн 100000, хүүхдийн мөнгө болж хувираад ард түмний гар дээр ирдэг. Худалдан авах чадвартай болсон хэрэглэгчид бүгдээрээ л хэрэгцээгээ хангахаар дэлгүүр орно. Энэ үед нийлүүлэлт хангалтгүйн улмаас эрэлтээс үүдэлтэй инфляци үүсч улмаар гаднаас тэдгээрийг импортолж авахад хүрнэ. Тэгээд л тэрхүү зэсээ зарж олсон хэдэн төгрөг нь буцаад харийн орны эдийн засгийн өсөлтийг хангаад гадаад худалдааг нь эерүүлж байдаг, харин Монгол бахь байдгаараа, хуучин хэвэндээ. Тойрог замын хиймэл дагуул шиг ядуурал, ажилгүйдлээс холдож чадахгүй, зайндаа байсаар л ... Үүнийг л чөтгөрийн тойрог гэж байгаа юм.

Гэхдээ гарц гэж бий. Тэрхүү хурдыг нь нэмээд 11.2 км/с –с дээш болвол эллипс хэлбэрээр тойрч, улмаар дэлхий орчмын тойрог замаас гардаг байна.

Бидний өдөр тутам өмсдөг хувцас дотор made in Mongolia гэсэн эд байдаг билүү? Тэнгэр баганадан сүндэрлээд байгаа барилгууд аль улсад үйлдвэрлэсэн барилгын материалаар баригддаг билээ? Энэ бол манай мөнгө тэдэн рүү урсаад л байна гэсэн үг.

Харин энэхүү урсгалын голдиролыг өөрчлөхийн тулд Голланд өвчнийг эдгээх хэрэгтэй. /Бид нар чинь есөн эрдэнийг хэвлийдээ хадгалдаг эх оронтой ч ашиглаж чаддаггүй Голланд өвчнөөр өвдчихсөн байгаа юм/

Нэгдүгээрт халамжийн хэлбэрээр тараагдаж байгаа мөнгийг ашиглан импортоор орж ирээд байгаа тэдгээр бараа бүтээгдэхүүнүүдийг бий болгох үйлдвэр барьж анхдагч хэрэгцээгээ хангах хэрэгтэй. Тэнд ажилгүйчүүдийн эгнээнд алба хашиж байгаа залуус хөдөлмөр эрхэлнэ, ядуурал буурна. Бидний хөрөнгө бидэнд л хэрэглэгдэнэ.

Ингэж л өөрсдийн мөнгөө дотооддоо шингээнэ, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ эрс өснө. Энэ бол дөнгөж эхлэл нь юм.

Засгийн газар Оюутолгойн төслийг Монголын талд ашигтай батлах санаатай нэлээд удаан хугацааны турш хуралдаж байна. Эрдэнэт шиг дахиад нэг хот, дахиад нэг уурхай байгуулагдана гэдэг хөгжлийн хурданд багагүй хэмжээний түлхэц үзүүлэх учиртай.

Мөн нээлттэй эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлж Сингапурь мэтийн маш жижиг газар нутагтай, ашигт малтмалгүй боловч хөгжлийн өндөр түвшинд хүрсэн улсуудаас үлгэр авах нь чухал байна. Хятад, Орос хэмээх 2 том гүрний хоорондох бүхий л арилжаа, тээвэр, европ-америк, европ-азийг холбосон агаарын болон төмөр зам халхын хавтгайгаар дайрч өнгөрөх нь нь маш их хэмжээний ашгийг бидэнд хүртээнэ.

Онгон байгаль, цэлмэг тэнгэрээрээ алс газрын аялагчдын хорхойг хөдөлгөдөг нь бидэнд аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлагатай байгааг анхааруулж байгаа билээ. Ирсэн гийчид бүр буцахдаа дахин зочлохын далд хүсэлд автан буцдаг, дээд зэргийн чанартай үйлчилгээ нь сэтгэл ханамжийг өгч чаддаг, гэртээ хариад бусад хүмүүст сайрхан гайхуулж ярьдаг орон болох нь нэгэн төрлийн гарц юм.

Ингэж чөтгөрийн тойргийг сэтлэж болно. Үүний дараа хөх Монголын хөгжлийн зам дардан харагдаж эхэллээ.

Гэтэл бас нэгэн саад тулгарч байгаа нь тэрхүү дардан замыг хэзээ гатлаж дуусах вэ?

Хээл хахууль, хүнд сурталд идэгдчихсэн эвдэрхий, хар утаа хаядаг, зорчигчид нь хог хаягдалаа хаа тааралдсан газраа хаядаг машинаар ямарч сайхан замаар яваад хурдалж чадахгүй шүү дээ.

Тэрхүү чийчаан хөлгийн жолооч нь зорчигчидоо зохицуулж, эвдэрч хэмхэрсэн мотороо засаад аян замд бүгдээр нэгэн санаа бодолтой, нэгэн үйл хэргийн төлөө хамтаа тэмцэж, хамтдаа зорьж явбал алтан шар зам тийшээ, аяны жолоо дээшээ маш хурдан хүрэх болно.

Би ч гэсэн тэр хөлөгт сууж яваа нэгэн хүн, эвдэрхий машинд бохир заваан явмааргүй байна. Тиймдээ ч бусдыгаа уриалж байна.

Монголчуудаа! та бид чинь нэг бүхээг доор хөгжил тийш зорчин явж буй зорилго нэгт ахан дүүс шүү дээ.

No comments:

Post a Comment