Thursday, May 28, 2009

Эрдэнэс гэж юу вэ?

Хүний амьдралыг өөрчлөх чадалтай, эртний далайн дээрэмчид, муу санаатнуудын үхтэл булаацалддаг байсан үлгэр домогт л гардаг тэрхүү эрдэнэс гэдэг чухам юу юм бэ?
Алибаба ба 40 дээрэмчин, Монтэ-Кристо гүн буюу Эдмон Дантес эд бүгд нуусан эрдэнийг олсон байдаг. Гэтэл зарим нь үхэхдээ насаараа хадгалсан эд зүйлсдээ сүнс нь хорогдож амар амгалан энхжингийн орон руу явж чаддаггүй Тэгэхээр эрдэнэс гэдэг маань хүний хувь заяаг өөрчлөгч, хойт нас руу нь ч тайван явуулдаггүй. тийм л аугаа зүйл байдаг болж таарах нь.
2008 оны эхний семистерт банк санхүүгийн үндэс хичээлээр Балж багшийн 202-р группийнхэн Монгол банкны эрдэнэсийн санг үзэхээр явцгаасан юм. Тэндээс л жинхэнэ шижир алт, цалин цагаан мөнгө, үнэт эрдэнэ гэж юу байдгийг харах боломж надад тохиолдсон юм. Төв банкны хойд хаалгаар орж 2 давхарт гарахад киноноос л үзсэн хамгаалалтын хаалгатай хоёр танхим угтлаа. Газар хөдлөлт болоход энэ өрөөнүүд л бүрэн бүтнээрээ үлдэхээр даацын ханаар тоноглогджээ. Шатны баруун жигүүрийн хаалгаар ороход дэлхийн валютын зах дээр хамгийн хөрвөх чадвар сайтай валют болох 13 кг алт, төгрөгийг үнэлж байсан одоо ч үнэлж байгаа мөнгөн ембүү, есөн эрдэнэ гэх зэрэг хүмүүний нийгмийн түүхэнд хэзээ ч үнэ цэнээ алдаагүй, зарим хүний амьдралын утга учир бүгд тэрхүү шилэн хоргонд нандигнан хадгалаастай байлаа. Мөн байгаль дээр тэр бүр тохиолдоод байдаггүй өвөрмөц хэлбэр бүхий төрц алт, ер нь харахад нүд бүлтийм, сонсоход чих дэлдиймээр юмсын чуулган бөлгөө. Үүгээр дууссангүй өндөр гэгээн Занабазарын мөнгөөр урлаж, алтаар шарсан хорин нэгэн дарь эх бурхадын хэд хэд нь заларсан нь бахархамаар бас сүрдмээр ... Эсрэг талын өрөөнд монгол угсаатны эртний зоосон мөнгөнөөс эхлээд өнөөгийн төгрөгийн сүүлийн загвар хүртэл бүгд тайлбарын хамт бидний өөдөөс ширтэж байсан нь эх орон маань ямар аугаа түүхтэй болохыг чимээгүйхэн өгүүлж байх шиг. Хүннүгийн үеийн зоосон тэмдэгт дараа зуунд хэрхэн өөрчлөгдсөн, тухайн үед төрийн эрхийг хэн барьж байсан, монголын түүхэнд хүндтэй байр суурь эзэлдэг баатар жанжингуудын хөргийг цаасан мөнгөнөөс харж болно. Эдгээр нь монгол улсын эдийн засгийн тусгаар тогтносон байдлын баталгаа болдог хэмээн тайлбар хийж байсан монгол банкны монгол банкны ажилтан ах хэлэхэд бүх оюутнуудыг хачин жигтэй гайхал алмайрал, түүхэн эргэцүүлэл хоёр зэрэг эзэмдсэн байх мэт санагдсан.
Үнэхээр зарим нэг хүмүүсийн нэг нас, хувь тавилангаар дэнчин тавьж хөөцөлддөг тэр эрдэнэс гэдэг нь өдөр гэрэлтдэг, цэцэг дэлгэрүүлдэг эд огт биш гэдгийг ойлгосон юм, би. Зүгээр л өнгө үзэмжээ алддаггүй, газрын хөрсөнд элбэг байдаггүй өнгөт металл л юм байна лээ. Та бүхэн энэхүү бичвэрийг уншаад бага ч гэсэн эд баялгийг үзэх үзэл, ойлголт, хандлагаа өөрчлөх болов уу гэсэндээ ийнхүү өгүүллээ.

2 comments:

  1. бүүр үзмээр санагдав.... Энэ улирал үзүэж чадаагүй нь харамсалтай яааа....

    ReplyDelete
  2. Юуны өмнө СЭЗДС-ийн шинэков байна өө. Энэ бичлэг чинь таалагдлаа :D. Гоё бичсэн байна. Би ч бас энэ жил үзсэн. Үнэхээр л МОНГОЛ УЛСЫН ЭРДЭНЭСИЙН САН гэдэг чинь он удаан жилийн арвин баялаг Монголын түүхийн нэгээхэн хэсгийг өвөрмөц байдлаар гайхалтай өгүүлсэн юм билээ.

    ReplyDelete