Tuesday, December 8, 2009

Marketing

Сонгох сонгогдохын огтлолцол дээр орших маркетингийн шинжлэх ухаан нь нийгэм дэх бүхий л үйл ажиллагаанд тусгалаа олдог нь маркетингийн хөдлөшгүй 22 хуулиар аль хэдийн батлагдсан билээ. Харин энэхүү хуулийг зөв ашигласнаар нийгмийн сайн сайхан байдалд хэрхэн нөлөөлөх, түүнд ямар байдлаар хувь нэмэрээ оруулах талаар одоо авч үзье.

Нийгмийн гишүүн бүр өөрийн ашиг сонирхлын төлөө үйл ажиллагаа явуулдаг, хувиа хичээсэн байдаг. Хэдийгээр энэ хар амиа бодсон үйлдэл нь бусдад сөрөг нөлөө үзүүлэх мэт харагдах боловч үнэн хэрэгтээ хүн бүр ийм үйл ажиллагаа явуулснаар бие биенийхээ хүсэл зоригийг хангаж нийгэмд сайн сайхан байдал тогтдог гэж Адам Смит 1776 онд хэвлүүлсэн “Үндэсний баялаг” хэмээх алдарт бүтээлдээ тэмдэглэсэн байдаг. Үүнийг арай ондоо өнцгөөс ажиглавал өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй бизнесийн байгууллага бүр маркетингийн зөв стратеги баримталбал, хүн бүр маркетингийн зөв бодлого боловсруулж амьдарвал нийгэм өөрөө үл үзэгдэгч гарны тусламжтай сайн сайхан байдал руу тэмүүлнэ гэсэн үг юм.

Нийт зах зээл дээр ажиллаж буй пүүсүүдийг та газрын зураг дээр буй мэт ажиглаад үз дээ, аалзны тор шиг нарийн уялдаатай, нэгнийх нь гаргасан шийдвэр-явуулсан үйл ажиллагаа нөгөөд нь шууд болон шууд бусаар нөлөөлж байгаа биз. Цаашлаад масштабыг нь багасгаад харвал нэг салбарт ажиллаж байгаа пүүсүүд зах зээлээ хуваад авчихсан анд нөхөд лугаа ажиллаж байгаа биз. Өөрөөр хэлбэл нэг салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын өрсөлдөөн юм. Өрсөлдөх гэдгийг шууд утгаар нь нэг нь нөгөөгөө нухчин дарах гэж ойлгогдох боловч бизнесийн орчинд энэ нь ижилхэн бараа үйлчилгээ хэрэглэгчдэд санал болгодог компаниуд бие биенээсээ ялгарч хэрэглэгчдээ татах гэсэн утгыг агуулна. Тийм ч учраас маркетингийн зөв стратеги баримталсан байгууллага оршин байна, эс бөгөөс зах зээлийн хуулийн дагуу зах зээлээс шахагдан гарна. Гэхдээ нийгмийн амьдралд орогнох байр мундахгүй олддог нь гайхалтай, бүүр хүнд нөхцөлд орвол сул зай эзэмшигч байсан ч болно. Хамгийн гол нь өөртөө ашигтай ажиллах нь чухал юм. (ашиг гэдэг юугаар ч хэмжигдэж болно)

Нийгэмд амьдарч буй хүмүүс өөрт буй хязгаарлагдмал нөөцөөрөө хязгааргүй хэрэгцээгээ хангахын төлөө эцэс төгсгөлгүй шийдвэр гаргаж байдаг боловч шийдвэр бүр оновчтой байдаггүй билээ. Хомс нөөцийнхөө хүрээнд оновчтой сонголтыг хийж байгаа хүмүүсийг ажиглавал оюун санаандаа нарийн судалгаа хийж (ажиглалтын аргаар) түүнийхээ үр дүнд тулгуурлан шийдвэр гаргаж байгаа харагддаг. Мөн тэдгээр хүмүүс нийгэм хамт олныхоо дунд өөрийн гэсэн имиж (brand), хоногшилтыг бий болгосон байдаг. Жишээлбэл: өөртөө итгэлтэй байдал, онгироо зан, урт үс, бага зэргийн сахалтай СЭЗДС-н багш хэн бэ гэвэл СЭЗДС-н оюутнууд дуу нэг ЭЭТ-н багш Гансүлд гэж хэлэх байх. Энэ бол хүмүүс бид өөрсдөө ч мэдэлгүй маркетингийн үйл ажиллагаа явуулдаг болохын нэг тод илрэл юм.

Дээр дурдсанчлан сонгох сонгогдохын огтлолцолыг маркетинг гэдэг юм бол нийгэмд хүмүүс хоорондоо, хүмүүс байгууллагатай, байгууллага байгууллагатайгаа харилцаанд орж ямар нэг зүйлийг биенээсээ сонгож, бие биедээ сонгуулдаг, маркетингийг үүсгэж байдаг. Харин тэрхүү үүсэн бий болсон маркетингийг чанарын өндөр түвшинд явуулж өөр хоорондын хэрэгцээ, шаардлагыг хангаж чадвал сайн сайхан нийгмийг цогцлоож болно.

Энэ бүгдийг нэгтгэн дүгнэвэл амьдрал өөрөө маркетинг юм, аз жаргалыг бид өөрсдөө бүтээдэг юм ...

6 comments:

  1. Ер нь анд Маркетер болохын биш үү? айн? хэхэ

    ReplyDelete
  2. Эдийн засагч хЮнд заавал байх чадвар бол маркетэр хЮний чадвар юм болов уу ...

    ReplyDelete
  3. масштабыг багасгавал шүү дээ ердөө л :)

    ReplyDelete
  4. өө эндүүрэл гарсан байна, хүлцэл өчье (14-р мөрний 6-р үгийг багасгавал гэж ойлгоно) :)

    ReplyDelete
  5. тэгээд эдитлээч!

    ReplyDelete