Tuesday, October 20, 2009

Өнөөдөр ...

Төв азийн зүрхэнд булиглах монголчууд бид ардчилал, хүний эрх-эрх чөлөөг хүндэтгэж, чөлөөт зах зээлийн нийгэм рүү шилжсэнээс хойш даруй 20 шахам жил өнгөрчээ. Төдийгөөс өдийг хүртэл өөрчлөлт шинэчлэл хийснээр багагүй бартааг туулсан хэдий ч хорвоо дэлхий уужим, хийх ажил их байсаар л ...
Өнөөдөр та бид өөрсдийн бизнесийн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх бүрэн эрхтэй чөлөөт агентүүд билээ. Гэтэл нүд байгаад сохор гэдэг шиг яагаад бидний эрх чөлөөт арилжааны үйл ажиллагаа маань баар цэнгээний газар төдийхнөөр хязгаарлагдаж байгаа юм бэ?
Уул шугамандаа ардчилал хэмээх өргөөний түгжээг тайлж орсноор та бид нарт ашиг хонжоо олж болохуйц маш олон өрөө, тасалгаа, хонгил бүр цаашилбал гадагшаа гарах гарц хүртэл нээлттэй болсон биш билүү!
Ардчилалын түлхүүрийг олсон ч гэсэн бид нар амьдрах аргаа олоогүй байгаа нь тэр олон боломжит тасалгаанууд байхад угаалтуурын өрөөнд хөлчүүрч амьдарч байгаагаас харагдаж байна.
Арай гайгүй явж байгаа нэг нь хувиа бодож хэм хэмжээ гэгчийг өөртөө зориулж зохиож байна. Томоохон бизнесийн байгууллагууд төрийн түшээдээс хэн нэгнийг худалдаж авч хууль эрх зүйн таатай орчныг өөрсдийн эрх ашигт нийцүүлж байгаа нь заримдаа илт мэдрэгддэг. Эдгээрийн явуулж буй лобби нь тийм чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бага хэмжээний, хөлөө олж чадан тэмтчиж байгаа олон компаниудыг газрын хөрснөөс арчих нь том ахынх нь толгойг эргүүлж гэргий нь болсон зальтай бэр эгч дүү нарыгаа дээрэлхэхтэй агаар нэг.
Өөр тусдаа өрөөнд орох хүсэлт эцэг, эхдээ тавьбаас барагтай бол хариу хэлдэггүй хүнд суртал гэдэг муу зуршилтай аав, ээж маань бэлэг барьж орж ирсэн хүний түмэн хүслийг биелүүлэхээс татгалзахгүй авилгал гэдэг хүнд өвчнөөр өвдчихсөн байгаа нь эмгэнэлтэй.
Үүний үр дүнд боловсролын салбар тэр дундаа их, дээд сургууль нь монголд нэгэн төрлийн багагүй орлоготой бизнес болж дээ. Арга ч үгүй биз, дээд боловсролтой хүний авах цалингийн түвшин нэмэгдэх тусам хүн бүр дипломтой болохыг хүснэ. Тийм хүслээр тоглож мөнгө олох санаатай бүлэг байлгүй л яахав, гэхдээ тэдэнд зөвшөөрлийг нь хэн олгодог билээ.
Хүүхдүүдийнхээ боловсролын асуудлыг гар цайлгах хэдэн төгрөгөөр сольсон ээж, аав маань сувилалд эмчлүүлж, биеэ тордмоор юм.
За тэгээд гэртээ хоол хийж иддэггүй айл байна гээд боддоо. Өдөр бүр гуанз, ресторанаар зоог барьж өөрсдийн мөнгийг тэдэнд өгч байгаа нь дэлгүүрийн лангуун дээр made in Mongolia гэсэн хүнсний бүтээгдэхүүн байхгүй байгаараар батлагдаж байна. Гэрийн хоол гэж мэдэхгүй хүмүүст монголд үйлдвэрлэсэн хувцас, электрон бараа, тавилга гэх мэт өргөн хэрэглээний бараа гэсэн ойлголт байхгүй нь ойлгомжтой шүү дээ.
Үнэхээр гэрийн эздийн тэнхээ чадал хүрэхгүй, бусдаас хөрөнгө оруулалт шаарддаг өрөөг гадны хүмүүст түрээслэх нь зүй ёсны хэрэг /Айвенхоу майнз – Оюутолгой/. Эдгээр хармаа нь бидэнд Их Британи улс Хонг-Конгийг хөгжүүлж өгсөн шиг тун удалгүй их хэмжээний эдийн засгийн болон нийгмийн ашгийг хамтад нь авчирна. Хэдий тийм боловч гэр бүлийн гишүүд зайлшгүй байх ёстой зарим өрөөнд /барилгын салбар/ хятад солонгос нь мэдэгдэхгүй данжаад нар орогнох болж, өнөөдөр. Монгол залуусын ажлын орон тоог иймэрхүү аргаар бөглөснөөр ажилгүйдлийн түвшин багагүй хэмжээнд тодорхойлогдож байна, ажиллах хүчний оролцоо нь хэзээч төгсөшгүй гэрийн дээдийг дүүргэхээс өөр аргагүй байдалд оруулж байна.
Хар цагаан хосолсон манай гэр иймэрхүү янзтай өдөр хоногийг өнгөрөөж, өнгөц харахад өрөвдөлтэй байдалтай байна. Гэхдээ үнэн чанартаа баян хөрш японыг бодвол нүсэр том карказ зангидсан байшин байна. Энэхүү үл хөдлөх хөрөнгө нь урт хугацаанд бидэнд ашиглагдах хамгийн үнэтэй баялгуудын нэг юм. Онгироо саахалт америкийг бодвол онгойлгоогүй байгаа өрөө зөндөө байна. Хамгийн наад зах нь хөрөнгийн зах зээл өнөөдөр монголд эзгүй шахам, хувьцаа бонд төдийхнөөр хязгаарлагдаж байна. Зөвхөн нэг өрөө Нью-Йоркын хөрөнгийн биржийн дайтай болоход өнөөдөр бидэнд үр ашгаа өгч байгаа өрөөнүүд ямар хэмжээнд хүрэхийг төсөөлөмгүй. Харин дээр дурдсан хүнд проблеймууд бол өсвөр насандаа хүүхэд шилжилтийн насыг дайрч өнгөрөхдөө болох болохгүй юм бүгдийг үздэг шиг хөгжиж буй улсуудын шилжилтийн үед тохиолддог байдаг л зүйлс юм.
Азийн арслан монгол гэгдэх цаг бидэн рүү гэрлийн хурдаар асуй. Гагцхүү тэр болтол тэсэх л хэрэгтэй. Эр өсч эсгий сунахын цагт хөх толбот ард түмэн бидний дэлхийг байлдан дагуулах хоёрдах эрин эхлэх болно.

No comments:

Post a Comment