Монгол руу урсаж байгаа гадаадын хөрөнгө оруулалт эдийн засгийн түүхийн шинэ хуудсыг уул уурхайн салбарт хэдийнээ сөхжээ. Үүнийг батлах баримт, статистикийн мэдээлэл өдрөөс өдөрт зузаарсаар. Таван жилийн өмнө гаднаас ердөө 317 сая доллар манай оронд орж ирж байсан бол энэ онд уг үзүүлэлт нэг тэрбум доллараас нэлээд давах нь тодорхой болов. Зөвхөн Оюутолгойн төсөлд энэ онд 700 гаруй сая доллар зарцуулснаа "Айвенхоу майнз"-ын захирал Роберт Фрийдланд мэдэгдсэн билээ. Гадаад валютын нөөц хоёр тэрбум долларт хүрсэн, уул уурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ найм дахин нэмэгдсэн. Монголын компаниуд олон улсын хөрөнгийн зах зээлд нэвтэрсэн (Д.Мөнхчимэг, 2011), Оюутолгой бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр ирэх 10 жилд Монголын эдийн засаг жилийн 10 хувийн өсөлттэй байна (У.Оргилмаа, 2011) гээд сайн мэдээ олон дуулдана.
Гэхдээ энэ мэдээлэлийн агуулга хэр бодит байна вэ?
Эдийн засгийн өсөлт нь дэлхийн болон үндэсний хэмжээний эдийн засгийн цар хүрээний өргөжилтийг тодорхойлдог ойлголт юм. Өөрөөр хэлбэл, нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн тоон талыг илэрхийлсэн эдийн засгийн үзүүлэлтийг хэлнэ.
Нэг хүнд ногдох орлогоор эдийн засгийн хөгжлийг хэмжвэл энэ үзүүлэлт нь дундаж наслалт, боловсролын түвшин, технологи бий болголт гэх нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүдтэй эерэг хамааралтай байдаг. Энэ нь хүн амын чанар болоод амьдралын чанар сайжирч байгааг харуулдаг (Robert J.Barro, Xavier Sala-i-Martin, 2004). Харин энэхүү тоон мэдээллийг тооцох тулгын чулууны нэг нь нягтлан бодох бүртгэл юм.
Эдийн засгийн үсрэнгүй өсөлтийг бий болгохоор хүлээгдэж байгаа энэхүү салбараас ирэх ашиг бол нягтлан бодох бүртгэлийн ашигаар хэмжигдсэн үзүүлэлт байдаг. Гэтэл бид эдийн засгийн ашиг гэдэг ойлголтыг нягтлан бодох бүртгэлд суулгаж чадахгүй байгаагаараа ирээдүйд алдаж болох "алдагдсан боломжийн өртөг"-ийг хэмжиж чадахгүй байна. Энэ бол илүү өргөн агуулгатай ойлголт юм. Хэдийгээр уул уурхайн салбарын бүтцийн өөрчлөлт 2020 он гэхэд эдийн засгийг хоёр дахин өсгөх нөлөөтэй (У.Оргилмаа, 2011) байгаа боловч эдгээр хязгаарлагдмал нөөц баялаг дуусахын цагт бидэнд ухаж төнхсөн газар, хатаж гандсан элсэн цөл л үлдэх алдагдсан боломжийн өртөг далд оршин байна.
Байгалийн баялгийг хүртснийхээ төлөө олох ашиг, үр өгөөжийг бодитоор тооцохын тулд нягтлан бодох бүртгэлийн системд алдагдсан боломжийн өртгийг тооцох шаардлага тулгарч байгаа бөгөөд үүний дагуу хүрээлэн буй орчны нягтлан бодох бүртгэл гэсэн шинэ хандлага гарч ирж байна.
Энэхүү шинэ хандлагатай холбоотойгоор сүүлийн жилүүдэд хийгдэж байгаа судалгаануудаас харахад судлаачид хүрээлэн буй орчны бүртгэлд хэд хэдэн аргачлалыг дэвшүүлж байна.
Ногоон ДНБ. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг байгаль орчны асуудлыг агуулан бүртгэх нь маргаантай асуудлын нэг юм. Ногоон ДНБ-ийг хөгжүүлэхэд байгаль орчны бүртгэл нь стандартчилагдаагүй улмаас аливаа төсөл, хөтөлбөрүүдийн тооцооллыг гажуудуулах, улс хооронд үнэлгээ хийх боломжгүй болгодог.
Байгалийн нөөцийн бүртгэл. Энэ нь байгалийн нөөц, түүний хүний хэрэглээ ба байгалийн үйл ажиллагааны нөлөөгөөр өөрчлөгдөх өөрчлөлтийн талаарх мэдээллийг агуулдаг бүртгэл юм. Үүнийг ихэвчлэн газар тариалан, загас агнуур, ой мод, эрдэс бодис, газрын тос болон усны бүртгэлд хэрэглэдэг. Харин байгалийн нөөцийг үнэлэх технологийн боломж хомс, дээрх төрлийн бүтээгдэхүүнүүдийн зах зээлийн үнийг тооцоход хүндрэлтэй тул хэрэглэх боломж бага байдаг.
Бохирдлын бүртгэл. Голландын Хүрээлэн буй орчны бүртгэлийг агуулсан Үндэсний Нягтлан бодох бүртгэлийн Матрицаас хөгжүүлсэн матрицаар бүртгэх бүтэц нь эдийн засгийн секторуудын бохирдлын хэмжээг бүртгэдэг. Евростат үүнийг Европийн Холбооны гишүүн улсуудын хүрээлэн буй орчны бүртгэлд тусгахад туслаж байна. Бохирдлыг дотоодын орчин, гадаадын орчин эсвэл дэлхий нийтийн орчинд хэрхэн нөлөөлж байгааг илрүүлэх үүднээс мэдээллийг тодорхой төрлүүдээр ангилж болно. Бохирдлыг мөнгөөр хэмжснээр байгаль орчны бохирдлоос зугтах эдийн засгийн зардлыг тодорхойлохоос гадна экологийн хамгаалалтын үр ашиг ба зардлыг тооцоход ашиглаж болно (Joy E.Hecht, 1999).
Хүрээлэн буй орчны бүртгэл гэдэг нь нэлээн нарийн, төвөгтэй асуудал тул төгс шийдэл одоогийн байдлаар гараагүй ч дээрх аргачлалуудаас хамгийн дэвшилттэй байгаа нь Европийн Холбооны гишүүн улсуудад нэвтрүүлэхийг оролдож байгаа "Бохирдлын бүртгэл"-ийн аргачлал юм.
Цаг үеийн шаардлагаар хувьсан өөрчлөгдөж байгаа шаардлагыг тоон мэдээлэл боловсруулах бүртгэлийн системд суулгаж өгснөөр шийдвэр гаргагчдын үйл хөдлөлийн оновчтой эсэхийг шалгах, нэгэн хүчтэй индикатор бий болох болно. Ингэснээр аливаа баялагийг борлуулж олсон орлогоос олборлоход гарсан зардлыг хассанаар тооцогддог ашиг хэмээх ойлголт илүү өргөн хүрээг хамарч газар малтсанаар онгон байгалийн байдлыг өөрчилсний зардлыг давхар бүртгэнэ
Монгол Улсын эдийн засгийн хүлээгдэж байгаа өсөлтийг тооцоход дээрх аргачлал бүхий системээр бүртгэснээр эрх баригчид илүү бодит шийдвэр гаргах боломжтой болно гэсэн үг юм.
Магадгүй ийм индикаторгүйн улмаас Монгол Улсыг хөгжлийн тавцанд хүргэх уул уурхайн салбарын алдагдсан боломжийн өртөг бидний амьдралын чанарыг бууруулах далд нөлөөтэй байгааг бид харж чадахгүй байж болох юм ...
Ашигласан материалын эх сурвалж
Joy E.Hecht. (1999 оны Spring). Where We Are Now, Where We Are Heading. Environmental Accounting , pp. 14-17.
Mehenna Yakhou, Vernon P.Dorweiler. (2004). Environmental accounting: An essential component of business strategy. Business Strategy and the Environment , pp. 65-77.
Robert J.Barro, Xavier Sala-i-Martin. (2004). Economic Growth. Massachusetts: The MIT Press.
The Free Encyclopedia. (2011). From http://www.wikipedia.org
The World Conversation Union. (2000). Environmental Accounting: What's it all about? IUCN.
Д.Мөнхчимэг. (2011). Уул уурхайгаар бялуурсан шинэ өнгө. Өнөөдөр .
Н.Энхбаяр, Е. с. (2011). Учирч болох эрсдэлүүд 2011 онд: Дэлхийн түвшинд болон Монгол Улсын хувьд учирч болох эрсдэл. 2011.
П.Дамбапэлжээ. (2008). Багануур ХК-ийн 30 жилийн тайлан. Багануур дүүрэг: Адмон.
С.Будням, П. (2011). Байгалийн баялаг ба эдийн засгийн өсөлт. Улаанбаатар: Үндэсний хөгжлийн хүрээлэн.
У.Оргилмаа. (2011). Хүн бүрийн байр суурийг хөдөлгөх өсөлтийн давалгаа айсуй. Улс төрийн тойм .
No comments:
Post a Comment